"Ажил хайж байгаа бол та хүрээд ирээрэй" хэмээн "JOB Eхро2019"-ийг зохион байгуулж буй ШУТИС төгсөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Ангар хэллээ. "Blue Sky" зочид буудалд болж буй "JOB Expo 2019"-д АПУ ХК, Сүү ХК, Петровис, Шунхлай гэх зэрэг үндэсний томоохон 30 гаруй аж ахуйн нэгж оролцон 1,200 гаруй ажлын байрыг санал болгож байгаа юм.
Энэхүү арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ШУТИС төгсөгчдийн холбоо болон MJC компани хамтран зохион байгуулж байна. Ажлын байрны үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд маргааш 11:00-18:00 цагт үргэлжлэх аж.
"JOB Expo 2019"-д шинэ төгсөгчид, ажил хайж буй мэргэжилтнүүд гээд нас, насны оролцон, өөрийн мэргэжилд тохирох ажлын байруудад анкетаа өгч байв.
Сүү ХК-ийн Хүний нөөцийн ахлах А.Наранцацрал “Манай компани үндсэн ажлын байр 15, зуны цагт манайх ачаалалтай ажилладаг тул гэрээт ажлын байранд 40-45 хүн авахаар зарласан. Эдгээр ажлын байрны онцлогоос шалтгаалан тавигдах шаардлага өөр байгаа. Тухайлбал, борлуулалтын алба, ресепшн, менежерийн түвшний ажлын байранд ажилтныг сургаад явах боломжтой тул ажлын туршлага шаардахгүй. Харин инженерийн ажлын байранд туршлага шаардлагатай" гэлээ.
Харин Таван богд групп 18 охин компанидаа 317 ажлын байр нээлттэй зарлажээ. Мөн энэхүү үзэсгэлэнд дүүргүүдийн Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газрууд ч оролцож байна.
ШУТИС төгсөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Ангар "JOB Expo арга хэмжээ нь энэ жил өргөн цар хүрээнд болж байна. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдээс гадна дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрууд иргэдийг тохирох ажлын байранд нь зуучлах, мөн өөрийн сонирхсон ажлаа байраа олоход нь туслахаар анкетуудыг нь авч байна. Бидний хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь ажил хайж буй хэн бүхэнд нээлттэй бөгөөд ажил хайгч ба ажил олгогчдын уулзах гол цэг болж байна" гэлээ.
Тус үзэсгэлэнгийн нэг онцлог нь Япон Улсад ажилд зуучилдаг компаниуд оролцож байна. Тухайлбал, арга хэмжээг хамтран зохион байгуулж буй MJC консалтинг компани нь Япон Улсад үндсэн ажилтнаар ажиллахад зуучилдаг бөгөөд тус улсад жиллах хүсэлтэй залууст хэлний мэдлэг олгохоор сургалт зохион байгуулдаг байна.
MJC консалтинг компанийн Гүйцэтгэх захирал П.Цогтсайхан "Япон компаниудаас гол төлөв инженерүүд ажилд авах сонирхолтой байдаг. Тухайн хүн ажлаа л сайн хийж, хууль журмынхаа дагуу байвал хүссэн хугацаандаа ажиллаж амьдрах, тодорхой хугацааны дараа гэр бүлээ урих боломжтой нөхцөлөөр явдаг. Үндсэн ажлын байр дээр очиж байгаа учраас япончуудтай ижил хэмжээний цалин буюу багадаа 200 мянган иенийн цалинтай ажиллах боломжтой" гэлээ.