Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Украины шинэ ерөнхийлөгчийн холбоотон олигарх Холомойский эх орондоо буцаж иржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улс төрийн шалтгаанаар Украинаас дүрвэж, гадаадад хоёр жил амьдарсан тэрбумтан Игорь Холомойский өчигдөр эх орондоо буцаж иржээ.

Украины тэргүүн баячуудын нэг, мужийн захирагч асан тэрээр Израйлийн Тель Авив хотоос хувийн онгоцоор нисэж ирсэн байна.

Одоогийн ерөнхийлөгч Петро Порошенкотой зөрчилддөг Холомойский шинэ ерөнхийлөгч Володимир Зеленскийг сонгогдсоны дараа ийнхүү буцаж иржээ.

Зеленский ирэх Даваа гарагт тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм. Тэрээр дөрөвдүгээр сарын 21-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд Порошенког ялж байв.

Украинд газардсан Холомойский шинэ ерөнхийлөгчийн засаглалын үед өөрт нь үзүүлж байсан улс төрийн дарамт шахалт алга болно гэдэгт найдаж байгаагаа ярьжээ.

Түүний эзэмшдэг 1+1 телевизийн сувгаар Зеленский шоугаа цацаж алдаршсан юм. Холомойский, Зеленский хоёр ойр холбоотой тухай мэдээлэл олон удаа Украины хэвлэлүүдээр цацагдаж байсан. 

Олигарх одоогийн Украины улс төрчдөөс өшөөгөө авахын тулд Зеленскийг дэмжиж гаргасан гэх яриа ч байдаг. Холомойский Украины эрх баригчдын мөрдлөг, дарамт шахалтын улмаас 2017 оны зургаадугаар сард эх орноосоо дүрвэж, өнгөрсөн хугацаанд Израйль, Швейцарт ээлжлэн амьдарч байжээ.

ПриватБанкыг улсын өмч болгосны өшөөг авахын тулд Зеленскийг санхүүжүүлсэн гэж Порошенко нэг удаа Холомойскийг буруутгаж байв.

Санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байсан тус банкыг 2016 оны сүүлээр ОУВС-ийн дэмжлэгтэйгээр Украины төрийн өмчид авсан юм.

ПриватБанкны гол хувь эзэмшигчдийн нэг Холомойский байжээ.

Үүнээс гадна Днипропетровск мужийн захирагч байсан түүнийг Порошенко 2015 онд албан тушаалаас нь огцруулж байв. Хувийн арми байгуулж, төрийн өмчит газрын тосны компанид хяналтаа тогтоох гэж оролдсон гэх Холомойскийг тухайн үед буруутгаж байжээ.

Бас түүнийг 2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсний дараа Днипропетровск мужид салан тусгаарлах хөдөлгөөн дэгдэхээс сэргийлж чадсан гавьяатай хүн гэж үздэг юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty