Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Thrones” цувралын сүүлийн бүлгийг дахин шинээр бүтээх шаардлагад 650,000 гаруй хүн нэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтийг байлдан дагуулсан HBO сувгийн “Game of Thrones” цувралын сүүлчийн наймдугаар бүлэг өнгөрсөн сараас эхлэн цацагдаж байгаа билээ. Төгсгөлийн зургаадугаар анги нь Улаанбаатарын цагаар ирэх Даваа гарагт үзэгчдэд хүрэх юм.

Гэтэл сүүлчийн бүлгийн үйл явдал олон фэнүүдийнх нь сэтгэлд хүрээгүй бололтой. Олон нийтийн өргөдөл гомдлыг онлайн орчинд үүсгэдэг Change.org сайтад уг бүтээлийн сүүлчийн бүлгийг шинээр дахин бүтээхийг шаардсан өргөдөл долоо хоногийн өмнө нийтлэгдсэн нь яг одоо 650 мянга гаруй хүнийг нэгтгээд байна.

Өргөдлийг үүсгэсэн хүн нь наймдугаар бүлгийн зохиолыг бичсэн Дэвид Бэниоф, Д.Б.Уэйс нарыг өөр чадвартай зохиолчдоор солихыг шаардсан байна. Мөн тэднийг эх сурвалжид тулгуурлалгүйгээр бие даан зохиол бичих чадваргүйгээ батлан харуулсан гэж шүүмжилжээ.

Зохиолч Жорж Мартины бичсэн номын үйл явдал дээр “Game of Thrones”-ийн өмнөх бүлгүүд бүтээгдсэн бол сүүлийн наймдугаар бүлгийн үйл явдал шинээр бичигдсэн юм.

Өнгөрсөн Даваа гарагт цацагдсан “The Bells” нэртэй тавдугаар ангийн дараа фэнүүдийн тэмцэл улам эрчимжиж, 24 цагийн дотор 300 мянга орчим хүн шаардлагад нэгдсэн байна. Уг анги дээр цувралын гол баатруудын нэг Данерис Таргарян аймшигтай харгислал үйлдэж, сөрөг дүр болсон нь олон үзэгчдийг бухимдуулсан юм.

Гэхдээ энэ бүлгийн анги бүрийг бүтээхдээ $15 саяыг зарцуулсан гэгдэж байгаа HBO компани үзэгч фэнүүдийн хүсэлтийг хүлээн авахгүй нь тодорхой. 

Олон үзэгчид таалагдаагүй тавдугаар ангийг дэлхий даяар 18.4 сая хүн үзсэн тухай HBO мэдээлжээ. Наймдугаар бүлгийн зохиолчдын нэг Бэниоф саяхан Entertainment Weekly сэтгүүлд “Муухай төгсгөлтэй бол сайн зохиол ч муу зохиолд тооцогдох тохиолдол бий. Мэдээж бидний санаа бас зовж байна” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC