Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Путин санал хураалт явуулахыг зөвлөсний дараа Екатеринбургийн мөргөлдөөн завсарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын дөрөв дэх том хот Екатеринбургт сүм байгуулахын эсрэг мянга мянган иргэн Даваа гарагаас эхлэн тэмцэж байгаа юм.

Хотын захиргаа 1930-аад оны үед коммунистуудын нураасан Гэгээн Катериний сүмийг дахин босгох ажлыг саяхан эхлүүлээд байв. Ингэхдээ хотын төвийн ногоон байгууламжийн газар дээр байгуулахаар болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хотод хангалттай олон сүм байхад цөөн үлдсэн ногоон байгууламжуудын нэгийг сүйтгэхийг тэд эсэргүүцэж байв.

Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд иргэд барилгын хашааг буулгаж, цагдаа нартай мөргөлдсөний улмаас гурван хүн бэртэж, 23 хүн баривчлагдаад байгаа.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хотын захиргаа, иргэдийн хооронд гарсан зөрчлийг шийдвэрлэх санал гаргасан байна. Тэрээр иргэдийн дунд санал хураалт явуулж, олонхын саналаар эцсийн шийдвэр гаргахыг зөвлөжээ. Үүний дараа хотын захиргаа сүмийн барилгын ажлыг зогсоож, иргэд ч тэмцлээ завсарласан байна.

“Санал хураалтын дараа олонхоо цөөнх нь дагах энгийн шийдлийг би зөвлөж байна. Ардчилал ингэж л хэрэгждэг. Мэдээж цөөнхийн дуу хоолойг ч гэсэн сонсох нь зөв” гэж Путин сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Путиний мэдэгдлийн дараа Екатеринбург хотын дарга Александр Высокинский тэмцэгч иргэдтэй очиж уулзахдаа санал хураалтаар асуудлыг шийдэж, үр дүнг гарах хүртэл барилгын ажлыг зогсоох болсноо мэдэгдсэн байна.

Шинэ сүмийг 2023 онд Екатеринбург хот байгуулагдсаны 300 жилийн ойн үеэр нээх төлөвлөгөөтэй байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today