Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа, эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан. Энэ бол бидний сайн мэдэх дүрэм.

Өөрөө хэлбэл, хэдийгээр ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд иргэнийг тухайн уулзвар руу орохыг хориглосон утга бүхий заалт юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг.

Харин энэ сарын 20-ноос эхлэн хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлнэ. Жолооч нар зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход л асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ноогдуулах процесс явагдана гэсэн үг. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 20,000 төгрөгөөр торгох аж.

 

 

Гэхдээ 15.7-д заасанчлан Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар программчилжээ. 

Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна. Энэ бол замын хөдөлгөөнд оролцогч та бүхний хувьд шинэ зүйл биш, харин дээрх дүрмийн заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж нь үүгээр эхэлж байна гэдгийг ойлгоцгох нь чухал хэмээн албаныхан тайлбарлалаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс