Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хавдрыг уян дурангаар оношилж, эмчлэх боломжтой боллоо

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Монголын Хоол Боловсруулах эрхтэн судлалын олон улсын хурал 2019"-ийг Монголын Гастроэнтерологийн холбоо /DDW/ нь Олон улсын хоол боловсруулах замын дурангийн холбоо /IDEN/ хамтран энэ сарын 15-18-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулж байгаа билээ. 

Уг хурлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг дээр тус эмнэлгийн дуран оношилгооны эмч нар, БНСУ-ын Хоол боловсруулах замын дурангийн нийгэмлэгийн профессоруудтай хамтран улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрыг уян дурангаар илрүүлэх мөн мэс засал хийн хуулж авах эмчилгээний шинэ арга, техникийг танилцууллаа.

Мөн илрүүлэг, оношилгоо хийж буй үйл явцыг бусад дурангийн эмч мэргэжилтнүүдэд шууд дамжуулан үзүүлж, сургалт зохион байгуулснаараа тус хурал онцлог байлаа. 

“Монгол Улсын хэмжээнд жилд 4,000-6,000 орчим хорт хавдар илэрдгээс 80 орчим хувь нь хоол боловсруулах замд тохиолддог хорт хавдрууд эзэлж байна. Мөн элэг, ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний хорт хавдрууд манай улсад зонхилон тохиолддог ба дэлхийд ходоодны хорт хавдрын тоогоор хоёрт, ходоодны хорт хавдраас шалтгаалсан нас баралтаараа нэгт орж байна.
Уян дурангаар улаан хоолой, бүдүүн гэдэсний хавдрыг эрт үед нь оношилж, эмчлэх бүрэн боломжтой 

"БНСУ-ын хувьд ходоодны хорт хавдрын тоогоор дэлхийд нэгт ордог. Гэхдээ бусад улсад ходоодны хорт хавдар оношлогдсон ч хүмүүс нь үхдэггүй байхад манай улсад тус хавдар оношлогдох үедээ сүүлийн шатанд орсон байдаг. 

Тиймээс ходоодны хавдар хожуу оношлогдож буй асуудлыг өөрчлөх ганц арга нь хоол боловсруулах замын уян дурангийн шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл, уян дурангаар гадна нь нүх гаргаж, цоолж, гэмтээлгүйгээр ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний хавдрыг эрт үед нь оношилж, илрүүлэн, эмчлэх бүрэн боломжтой” гэдгийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн дурангийн эмч Л.Баясгалан хэллээ.

Тиймд энэ төрлийн өвчлөлийг бууруулж, эмчилгээг хөгжүүлэхийн тулд олон улсад уян дурангаар мэргэшсэн эмч мэргэжилтнүүдийн туршлага, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт чухал нөлөө үзүүлэх юм.  

Монгол Улс улаан хоолой, ходоодны хорт хавдар дэлхийд нэг, хоёрт бичигдэж байгаа шалтгаан нь тамхины хэрэглээ, хеликобактерийн халдвар өндөр байдагтай холбоотой
 

Энэ талаар Монголын Гастроэнтерологийн холбооны тэргүүн Д.Даваадорж “Хоол боловсруулах замын эрт үеийн хавдар тэр дундаа улаан хоолой, ходоод бүдүүн гэдэсний эрт үеийн хавдрыг уян дурангаар оношилж, мэс засал хийн хуулж авах техник болон, эмчилгээний шинэ аргуудыг хурлаар танилцуулж байна.

Эмчилгээний аргыг "Улаанбаатар Сонгдо" эмнэлэг дээр тус эмнэлгийн эмч нар болон БНСУ-ын Хоол боловсруулах замын дурангийн нийгэмлэгийн  профессорууд хамтран улаан хоолой, ходоодны хавдрыг илрүүлэх оношилгоо, хуулж авах эмчилгээний аргыг харуулж, эмч нарт танилцуулснаараа хурал онцлог болж байгаа тул үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. 

Монгол Улс улаан хоолой, ходоодны хорт хавдар дэлхийд нэг, хоёрт бичигдэж байгаа шалтгаан нь тамхины хэрэглээ, хеликобактерийн халдвар өндөр байдагтай холбоотой.

Мөн эдгээр хавдрыг бууруулахын тулд хувь хүний эрүүл мэндийн боловсролоос гадна, төр засаг эрт илрүүлэг, оношилгоонд анхаарал сул тавьж байгаа нь хорт хавдрууд хожуу үе шатандаа оношлогдож, эмчлэгдэх боломжгүй болж, нас барах аюулд хүргээд байна. Хэрвээ эрт үеийн оношилгоо, илрүүлгүүд сайн хийгдвэл хавдрууд эрт үедээ оношлогдож, эмчлэгдэх бүрэн боломжтой” хэмээн хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.