Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк LIVE дүрс дамжуулалтаа хязгаарлаж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрөөс буюу Лхагва гарагаас эхлэн Фэйсбүүк компани LIVE streaming үйлчилгээндээ шалгуур тавьж байгааг зарлажээ. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь видео дүрс шууд дамжуулж чадахгүй болж байна.

Тус үйлчилгээний журмыг зөрчиж, хор хөнөөлтэй агуулга тараасан хэрэглэгчийн Facebook Live ашиглах эрхийг 30 хоногийн хугацаанд цуцлах ажээ. Одоогоор нийгэмд хор хөнөөл учруулах аюултай агуулгад зөвхөн терроризмийн суртал нэвтрүүлгийг тооцож, тараасан этгээдэд нь дээрх хориг үйлчилнэ.

Ойрын хугацаанд терроризмаас гадна бусад нэмэлт шалгуур үзүүлэлтүүдийг Фэйсбүүк журмандаа тусгахаар болжээ. Хориотой агуулгатай материал дамжуулах төдийд биш, бас ийм агуулга бүхий вэбийн холбоосыг өөрийн хуудсанд нийтэлсэн бол шууд дамжуулах эрхээ хасуулах юм байна.

Цаашлаад зөрчил гаргасан хэрэглэгчийн сурталчилгаа (Facebook ads) явуулах эрх бас хаагдах ажээ. 

Хоёр сар орчмын өмнө Шинэ Зеландын исламын сүмд гарсан террорист халдлагын дараа Фэйсбүүк компани Live дамжуулалтаа хязгаарлах талаар судалж эхэлсэн юм. Тухайн үед халдлага үйлдэгч үйл явдлыг газар дээрээс нь Фэйсбүүк сүлжээгээр шууд дамжуулж байв. Халдлагын дараа тус компани сүлжээнээсээ 1.5 сая орчим хуулбар дүрсийг устгаж, Шинэ Зеландын засгийн газар террорист агуулгыг тараахгүй байхад анхаарал хандуулахыг нийт технологийн компаниудад уриалж байжээ. 

 

Эх сурвалж: CNN