Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ханиаднаас сэргийлэх, хатгаа болгож хүндрүүлэхгүй байх хамгийн найдвартай арга бол ВАКЦИН"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Томуу, томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгууллаа.  

Монгол Улс шиг сэрүүн, хуурай уур амьсгалтай улсуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт жил болгон гардаг ба өвчлөл их байдаг. Тэгвэл томуу, томуу төст өвчин, томуугийн цар тахал тай тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажил биш. Олон салбарууд хамтран ажилласны үр дүнд өвчлөлийг бууруулах боломжтой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцоллоо. 

Уулзалтын үеэр тус өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай болон томуугийн вакцины үр нөлөөний талаар ХӨСҮТ- ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

- Томуу, томуу төст өвчний дэгдэлт одоогийн байдлаар ямар байна вэ?

- Тавдугаар сард томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг. Гэхдээ одоогийн байдлаар харьцангуй гайгүй буюу амбулаторийн үзлэг 4.5 хувьтай болсон байна.

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Ерөнхийдөө ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Манай улс сүүлийн гурван жилийн байдлаар нийт 300 мянга гаруй тун вакциныг үнэ төлбөргүй авч, иргэдээ вакцинжуулалтад хамруулсан.

- Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд вакцины нөлөө хэр их байдаг бол?

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, ханиадаа хатгаа болгож хүндрүүлэхгүй байх хамгийн найдвартай арга бол вакцин. Сүүлийн жилүүдэд иргэд вакцинд хамрагдах нь ихэссэн байна. Олон нийтийн дундах нэг өрөөсгөл ойлголт нь вакцин хийлгэвэл томуу тусахгүй гэж ойлгодог. Вакцин хамгаалах, туссан тохиолдолд хүндрүүлэхгүй. Бага насны хүүхдүүдыг хатгаа болоод хэвтэхгүй байхаас хамгаалах л үүрэгтэй. 

Бид вакцины тоогоо нэмэгдүүлж, 2021 он гэхэд  нийт хүн амынхаа 30 гаруй хувийг томуугийн вакцинд хамрагдах боломжтой болгохоор зорьж байгаа.

- Ер нь амьсгалын замын халдварт өвчний эсрэг хийгдэж буй өөр вакцин байгаа юу олон улсад?

- Хоёр нас хүртэлх хүүхдүүдийг өвчлөл, эндэгдэлд хүргэдэг шалтгаануудын нэг нь уушгины хатгалгаа, амьсгалын замын вирусууд байдаг. Эдгээр вирусын  эсрэг хийх вакцин боловсруулах таван тивийн 10 гаруй орны нэгээр манай улс орсон. Нэмж хэлэхэд манай улсын хувьд түүхэнд шинэ төлөвлөлтийг хийх гэж байна. Тодруулбал, аливаа улс оронд томуу, цар тахал, эрүүл мэндийн аюулгүй байдлын төлөвлөгөөнүүд гардаг ба эдгээр төлөвлөгөөнүүдийг нэгтгэсэн шуурхай арга хэмжээ авах нэгдсэн төлөвлөгөө боловсруулахаар ажиллана.

- Томуу томуу төст өвчнөөс вакцинаас өөрөөр хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Хүүхдээ эрүүл чийрэг байлгах, дааруулахгүй байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, дархлаа суулгах хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Манай улс жилдээ хоёроос гурван удаагийн томуугийн дэгдэлтэд орж байна. 2018 оны сүүл буюу өнгөрсөн томуугийн улиралд 10,000 хүн тутамд 70 хүн өвчилсөн ба өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад арай илүү байсан. Томуугийн хувьд хүмүүс эмийн бус энгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, томуу гараагүй байх үед хүүхдийнхээ биеийн эсэргүүцлийг сайжруулах, оршин суугаа нөхцөл байдалдаа анхаарах хэрэгтэй. Ялангуяа манай улсад гэр орны тав тухгүй, хүйтэн сэрүүн байдлаас болж хүүхдээ өвчлүүлэх явдал их ажиглагдаж байна.

Бусад урьдчилан сэргийлэх аргын хувьд: 

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  •  Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  •  Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
  •  Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэхТомуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна.