Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оч: Зуслангуудад хөгжлийн хөтөлбөрийн чанараас хамаарч санхүүжилт олгоно

С.Уянга, Зууны мэдээ
2019 оны 5 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Хүүхдийн зуслангийн бүртгэл, хүртээмжийн талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн амралт чөлөөт цаг, орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Очоос тодрууллаа.

-Энэ жил хэдэн зуслан ажиллах вэ. Мөн хүүхдүүдээ хэзээнээс хүлээж авах вэ?

-Энэ онд 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж ажлаа хангаж байна. Зуслангууд зургаадугаар сарын 5-наас эхний ээлжээ хүлээж авна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эрүүл, аюулгүй орчин, хөгжлийн хөтөлбөрийг мэргэжлийн зургаан байгууллагын төлөөлөл хянадаг. Бэлтгэл ажлаа хангаж байх үед нь буюу зургаадугаар сарын эхээр, мөн хүүхдүүд амарч байх хугацаанд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа эсэхийг хянадаг. Ер нь ихэнхдээ зөрчил бага гардаг. Зөрчил гарсан бол 14 хоногийн дотор арилгуулдаг.

Гэтэл зарим эцэг эхчүүдээс шалтгаалсан таагүй мэдээлэл их цацагддаг. Жишээлбэл, “Эргэлтээр очлоо юу захих вэ” гэхэд хүүхэд нь ам цангаад байна гэнгүүт гомдол гаргадаг. Тэгээд очоод шалгахаар ус, ундаа, цайг хүүхэд хүссэн үедээ уух боломжтой байдаг.

-Энэ жил зуслангийн тоо нэмэгдсэн үү. Хүсэлт гаргасан хүүхэд бүр хамрагдаж чадах уу?

-Энэ жил зуслангийн тоо нэмэгдээгүй. Өнгөрсөн жил 21 зусланд 23 мянган хүүхэд амарсан. Гэхдээ энэ жил 2-3 зуслан шинээр үйл ажиллагаа явуулахаар хүсэлт өгөөд бэлтгэлээ хангаж байна. Хүүхэд хүлээн авах хүчин чадлын хувьд 23 мянгаас их байх боломжтой. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зусланд амраах нь багассан. Эхний ээлжүүдэд хүүхдүүд хангалттай хамрагддаг ч наадмаас хойш эрс буурдаг. Ахлах насныхан зусланд явах нь багассан. Нэг талаас санхүүгийн боломжтой холбоотой ч эцэг эхчүүдийн хандлага их нөлөөлж байна. Гэтэл зусланд хамрагдсанаар хүүхдүүд маш олон хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, төлөвшдөг.

-Төрөөс зуслангуудыг хэрхэн дэмждэг бол. Мөн хөгжлийн хөтөлбөрийг ямар шалгуураар магадлан итгэмжилдэг вэ?

-Өнгөрсөн жилээс Засгийн газар зуслангуудыг дэмжиж хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт олгож эхэлсэн. Харин энэ оноос хөгжлийн хөтөлбөрийг тусгай аргачлалаар үнэлсний дагуу санхүүжилт олгох юм. Өнгөрсөн онд Засгийн газраас үндэсний хэмжээнд 180 сая, нийслэлийн хэмжээнд 80 сая гаруй төгрөгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт олгосон. Зуслангуудын хүчин чадал, хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж харилцан адилгүй санхүүжилт олгодог. Өнгөрсөн жил гэхэд зургаан зуслан санхүүжилт аваагүй. Энэ жил мөн адил 180 гаруй сая төгрөг олгохоор төсөвлөсөн.

Бас нэг онцлог нь зусланд тавигддаг шаардлага шинэчлэгдэж байна. Өмнө нь байр танхим зэрэг орчны асуудал голдуу ордог байсан бол энэ жилээс хөгжлийн хөтөлбөрийн чанарыг нэмсэн. Өөрөөр хэлбэл, монгол өв уламжлал, эрүүл бие бялдар, спорт, урлаг, багаар ажиллах чадвараас эхлээд бүх талын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хүүхэд ерөнхий мэдлэгийг сургуулиас авч болно. Гэтэл зан чанар, хандлага, төлөвшил, хүмүүжил, өв соёл, бие даах чадвар гээд бүх талын боловсролыг зуслангууд олгодог. Хүүхдүүдийг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг нарийн судалж байна.

-Зуслангуудын төлбөр буурсан уу. Ер нь үнийг барих, бууруулах боломж байдаг уу?

-Тухайн зуслангийн хэрэгжүүлж байгаа хөгжлийн хөтөлбөр,хоол хүнс, үйлчилгээний онцлогоос хамаарч өнгөрсөн жил 175-280 мянган төгрөгийн хооронд байсан. Зуслангууд хувийн сектор учраас үнэ ханшийг нэгдсэн байдлаар тогтоох боломжгүй. Гэхдээ Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зуслангийн дундаж үнийн тарифыг тогтоодог. Өнгөрсөн жил өдрийн 25-30 мянга байсан бол энэ жил 30-35 мянган төгрөг байхаар тогтоосон. Бүтээгдэхүүний үнэ өссөн учраас төлбөрөө бууруулах боломжгүй гэсэн саналыг хэлдэг.

Зураг