Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Улаан: Өнөөдрөөс махны үнэ тогтворжиж эхэлнэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

ХХААХҮЯ-наас бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Нийслэлчүүдийн өдөр тутмын махны хэрэглээ жилд 100-120 мянган тонн байдаг. Энэ хэрэглээг гурван сувгаар дамжин хангадаг. 

  1. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүр буюу цэгээр дамжигдаж буй нийлүүлэлт
  2. “Хүчит шонхор” худалдааны захаар дамжин зах зээлд шууд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт  
  3. Хувийн хэрэглээгээр дамжин махны хэрэглээ хангагдаж байна.

2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн улсын нөөцөөс 127 хүнсний дэлгүүрээр мах борлуулж байгаа ба өдөртөө 30 орчим тонн мах тогтмол борлогдож байна. Ингэхдээ зах зээлийн дундаж ханшнаас 20-25 хувийн хямдралтай үнээр борлуулж байна.

Цаашид бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ойрын өдрүүдэд урьд өмнө нь нийлүүлэгдэж байсан нөөцийн махнаас хоёр дахин их махыг зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямд байхаар нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажлыг нийслэлийн удирдлагатай ярилцсан. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн хоногт хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр зах зээл дээрх махны нийлүүлэлтэд саатал гарсан гэж үзлээ. 

Үүнд, цаг агаарын нөхцөл байдал, зан заншил, шатахууны үнэ, малын махны гарал үүсэл баталгаатай болоогүй зэрэг шалтгааны улмаас зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн нийлүүлэлт саатсан байна. Тиймд өнөөдрөөс эхлэн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа махны хэмжээ нэмэгдэж байна.

Мөн махны хангамжид дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд их хэмжээгээр авч байгаа нь нөлөөлж байгаа талаар судлахад технологийн шинжтэй алдаа зөрчил гарсан. Тиймд цаашид дулааны аргаар боловсруулах махны хэмжээг дотоодын зах зээлтэй уялдуулан ковоттой болгож шийднэ.  Мах боловсруулах үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээнд мах бэлддэг байх журмыг хэрэгжүүлнэ.

Манай улсад дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий.

Эдгээр үйлдвэрийн хамтын ажиллагааг сайжруулж, дулааны аргаар мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Өнөөдрөөс эхлэн зах зээл дээрх махны үнэ тогтворжиж эхэлнэ" гэв. 

2018 оны мөн үетэй харьцуулахад хонины махны үнэ 17 хувиар нэмэгдсэн
 
гэрэл зургийг MPA.mn

Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох "Улаанбаатар хотын хэмжээнд 15,000 тонн мах нөөцлөх зоорь бий. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 8,000 тонн мах экспортод гарсан. Монголчуудын жилийн махны хэрэгцээ 310,000 орчим тонн махны хэрэгцээ байдаг гэдгийг норм стандартын дагуу гаргасан байдаг. 

Махны үнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17 хувиар, ямааны мах 28 хувиар үхрийн цул болон ястай мах 14 хувиар, адууны махны үнэ 11 хувиар тус тус нэмэгдсэн байна. 2018 онд 70,000 орчим тонн мах, махан бтээгдэхүүн экспортонд гаргасан. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 8,000 орчим тонн мах экспортонд гаргаад байна" хэмээн хэллээ.