Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос “дээрэмдүүлсэн” ачааны хөлгөө буцааж өгөхийг АНУ-аас шаардав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засгийн газар олон улсын хоригийг зөрчсөн шалтгаанаар Умард Солонгосын хоёр дахь том ачааны хөлгийг хурааж авсан билээ.

Жилийн өмнө Индонезийн усан хилд нэвтрээд саатуулагдсан “Wise Honest”  ачааны хөлгийг Умард Солонгосоос нүүрс экспортлох хулгайн тээвэр гүйцэтгэж байсан гэж Вашингтон үзэж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт уг хөлгийг Индонезийн талаас Номхон далай дахь АНУ-ын газар нутаг болох Самоагийн аралд шилжүүлсэн юм. Хэрвээ шүүх эдийн засгийн хориг зөрчсөн болохыг тогтоовол уг хөлөг АНУ-ын өмч болох ажээ.

Тэгвэл Умард Солонгосын гадаад хэргийн яам өнөөдөр хураагдсан хөлгөө буцааж өгөхийг шаардсан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд ачааны хөлгийг булаасан явдал нь жил орчмын өмнө АНУ-БНАСАУ-ын удирдагч нарын Сингапурт байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн үйлдэл гэж шүүмжилжээ.

“НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн баталсан хоригийг зөрчсөн шалтгаанаар АНУ манай хөлөг онгоцыг булаан дээрэмдлээ. Америкийн тал дээрэмчин маягийн үйлдэл нь ямар үр дагаварт хүргэж болохыг ухамсарлан ойлгоод манай хөлгийг цаг алдалгүй буцааж өгөх ёстой” гэж Умард Солонгосын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Цөмийн болон пуужингийн зэвсэг бүтээж, туршсан Пёньяны дэглэмийн эсрэг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл хэд хэдэн хориг зарлаад байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёр дахь удаагаа Ханойд уулзах үеэр Умард Солонгосын тал хоригийг хэсэгчлэн цуцлах хүсэлт гаргасан ч Вашингтоны тал хүлээж аваагүй юм.

Энэхүү үр дүнгүй уулзалтаас хойш Умард Солонгос хэд хэдэн удаа зэвсгийн туршилт зохион байгуулж, АНУ ачааны хөлгийг нь хурааснаар хоёр орны харилцаа огцом муудаж эхлээд байна.

 

Эх сурвалж: AFP