Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Өнөөгийн дийлэнх гэр бүл Монгол уламжлал ч үгүй, орчин үеийн соёл ч үгүй яваад байна”

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Хууль ёсны гэрлэлт нэмэгдэж байгаа. Үндэсний статистикийн газраас 2016 онд 16,900 гэр бүл гэрлэлтээ батлуулж байсан бол 2017 онд 20,500 гэр бүл гэрлэлтээ батлуулсан гэсэн судалгаа гаргасан. Бэр гуйх, хурим хийх зэрэг ёс заншлаа сэргээж байгаа нь гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж байгаа эерэг хандлага юм.   

Гэвч албан ёсны гэрлэлт нэмэгдэхийн хэрээр гэр бүл цуцлалт ч нэмэгдэж байна. Жилд дунджаар 20 мянга орчим гэр бүл гэрлэлтээ батлуулдаг бол 4,000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ 4,000 мянга бол зөвхөн хууль ёсны гэр бүлийн салалт юм” гэсэн мэдээллийг Гэр бүл хөгжлийн газрын ажилтан Л.Бадамцэцэг “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт зөвлөгөөний үеэр хэлсэн юм. 

Энэ сарын 15-ны өдөр тохиох Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар зохион байгууллаа. 

Уг зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бол Дэлхийн зөн Монгол ОУБ-ын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт, ХНХ-ийн сайд С.Чинзориг нар үг хэлж, цагдаа, эцэг эх, хүүхдийн төлөөллүүд гэр бүлийн өмнө тулгарч байгаа асуудлуудын талаар илтгэл тавьсан юм. 

“Нийгмийн замбараагүй байдал нь гэр бүлийг задрал, салалтад хүргэж байна”

Энэхүү зөвлөгөөний талаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Монголчуудын хувьд гэр бүлийн үнэт зүйлийг юу гэж тодорхойлж болох вэ? 

-Эцэг эхийн үүрэг, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг шийдвэр гаргагчдын түвшинд сонсгохын тулд бид Төрийн ордонд энэхүү зөвлөгөөнийг хийж байна. 

Бид өнөөдөр гэр бүлийн үнэ цэнийн тухай ярихгүй бол болохгүй болж. Судлаач хүний хувьд өнгөрсөн жил хийсэн судалгаан дээр үндэслэж ярья. 

Монголын гэр бүлүүдийн өмнө тулгамдсан асуудлын талаар 42 мянган гэр бүлийн дунд ГБХЗХГ-аас судалгаа хийсэн юм. Судалгаанд оролцогчид гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнэтэй дөрвөн зүйлийг нэрлэж байна. Юу гэхээр, 

  • Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд  
  • Хүүхдийн хүмүүжил, төлөвшил  
  • Хосуудын харилцаа  
  • Боловсролын чанарын асуудал зэрэг дөрвөн асуудлыг чухалчилж үзсэн байдаг.

-Өнөөдрийн нийгэмд гэр бүлийн үнэ цэнэ ямар түвшинд байна гэж үнэлж байгаа вэ? 

-Бид нэг асуудал ярих гэхээр шилжилтийн үеийн эдийн засгийн байдалтай холбож тайлбарладаг. Одоо шилжиж дуусмаар байна шүү дээ. Бодлого тодорхойгүй, 2-4 жилийн циклтэй өөрчлөгдөж байдаг учраас иргэдийн амьдрал, гэр бүлийн харилцаанд ч сөргөөр нөлөөлж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал нь гэр бүлийг ч тогтворгүй байдал руу түлхээд байна. 

Хариуцлага гэдэг юм байхгүй. Нийгмийн замбараагүй байдал нь гэр бүлийн замбараагүй байдал, задрал, салалтад хүргэж байна. 

Өнөөгийн дийлэнх гэр бүл Монголын уламжлал ч үгүй, орчин үеийн соёл ч үгүй яваад байна. Гэр бүлийн маш олон асуудал байна. Тухайлбал, гэр бүл салалтад төр засаг хүртэл нөлөөлж байгаа. Гадаадад ажиллах сонирхолтой залуусыг гэр бүлээр нь гаргадаггүй, ид хийж бүтээх насны залуусыг ганцааранг нь явуулж байна. Бие холдвол сэтгэл холддог гэдэг зүйл л болдог. 

Гэхдээ сүүлийн үед гэр бүлүүдэд чиглэсэн олон арга хэмжээ, сургалтууд зохион байгуулагдах болсон. Тиймээс өөрчлөлт гарна гэж найдаж байна. 

Өнөөдөр та хүүхэдтэйгээ яаж харьцана 20-30 жилийн дараа хүүхэд тань таньтай яг тэгж л харьцана 

НЦГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.БатзоригСүүлийн гурван жилийн байдлаар дүгнэхэд 2,800 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн, 4,900 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тоо баримт бий. Үүнийг дүгнээд үзэхээр ойрын 10 жилд дунджаар 15 мянган хүүхэд ямар нэг хэмжээгээр хохирох хар зураг харагдаж байна. 

Тэгэхээр ийм хар зураг байлгахгүйн төлөө төрийн байгууллагууд хамтраад “Зөв тусгал” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Хоёрдугаарт, маргааш Гэр бүлийн өдөр тохионо. Энэ өдрийг манай улс тэмдэглэн өнгөрүүлдэг болоод нэлээд хугацаа өнгөрч байна. Өмнө нь төрийн бус байгууллагын хүрээнд энд тэнд тодорхой хүрээнд тэмдэглэдэг байсан бол энэ жил Төрийн ордонд, Ерөнхийлөгч оролцож үг хэлж, зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь гэр бүл гэдэг асуудлыг төр анхаарч байна гэсэн эерэг мессэж харагдаж байна. 

“Зөв тусгал” аян болон өнөөдрийн зөвлөгөөн ямар зорилготой юм бэ гэхээр, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа суурь шалтгаан нь эцэг эхчүүдийг үүрэг хариуцлага маш сул байгаатай холбоотой. Хүүхдээ эерэг, зөв аргаар хүмүүжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Монгол гэр бүлүүд хэрхэн зөв үлгэр дууриалтай байх вэ гэдгээ сайн мэддэггүй

20 орчим насандаа, гүйцэд төлөвшөөгүй байхдаа айл гэр болдог. Улмаар хоёр биенээ сайн таньж мэдээгүй хүмүүс салдаг. Энэ мэтчилэн жилд 4,900 хүүхэд гэмт хэргийн золиос болох нөхцлийг тавиад байна.  

Тэгэхээр “Зөв тусгал” аяны хүрээд эерэг мессэжийг иргэддээ тараая, өөрсдийнх нь үздэг, сонсдог бүх сувгаар хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, эцэг эхийн үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг ойлгуулъя гэж байгаа юм. 

Эцэг эх, асран хамгаалагчид маань нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та хүүхэдтэйгээ яаж харьцана 20-30 жилийн дараа хүүхэд тань тантай яг тэгж л харьцана. Хүүхэд том байж үзээгүй. Харин та өөрөө хүүхэд байж үзсэн шүү дээ. Тиймээс ирээдүйн амьдралаа амгалан тайван байлгая гэдэг бол, үр хүүхэддээ сайн сайхныг хүсдэг бол хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлж, зөв харилцдаг байх хэрэгтэй” гэлээ.