Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын 15-ны тухай мэдвэл зохих ТАВАН ЗҮЙЛ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргаашаас эхлэн түүхий нүүрсийг нийслэлд оруулахгүй

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр маргаашаас буюу тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ. Энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм.

Түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол 50 хүртэл хувиар буурах тооцоолол гараад буй.

“Худалдах цэгийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөсөн” 

Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Харин "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Мөн шахмал түлшийг худалдах цэгийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөсөн байна. Үүнд түүхий нүүрс худалдаж байсан иргэд, ААН хамтран ажиллах юм.

Нэг өрхөд 2-6 тонн түлш худалдана

Гэрэл зургийг mpa.mn

Хүйтний цагт сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсгэхгүйн тулд их хэмжээгээр нь борлуулахгүй. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Гантулга "Нэг өрхөд 2-6 тонн сайжруулсан түлш худалдаалах урьдчилсан тооцоолол гарсан. Өрх бүрт карт тарааж, усны, автобусны карттай адил системээр цэнэглээд явна. Түүгээрээ 540 гаруй цэгээс түлшээ худалдаж авна" гэлээ. 

Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж байгаа. Нэг шуудай нь 3,750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана.

Хулгайн 16 замд явуулын пост ажиллуулна

Улаанбаатар хотод нүүрс оруулж ирдэг албан ёсны гурван товчоо байдаг нь Эмээлт, Баруун туруун, Өлзийтөд ажилладаг бол Таван толгойн товчоо нь элдэв гоц халдварт өвчин гарсан үед ажилладаг.

Түүхий нүүрсийг нэвтрүүлэх, хэрэглэхийг хориглосноор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллага хамтран Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваан дээр пост ажиллуулахаар болсон юм. Үүний дээр хулгайн гэх 16 замд явуулын пост ажиллуулахаар болжээ.

Мөн гэр хорооллын өрхүүдэд шалгалт хийж, түүхий нүүрс нөөцөлсөн өрхүүдэд хэрэглүүлэхгүй байх арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох байгууллагуудад даалгасан билээ.

Түүхий нүүрс нэвтрүүлсэн, хэрэглэсэн бол хүлээлгэх хариуцлага

 

Нийслэл хотод түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа явуулах Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг шинээр байгуулсан. Энэхүү нэгж нь Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж,

  • Агаарын тухай хуулийн 16 зүйл;
  • Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт,
  • Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл;
  • Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300 нэгжтэй /300,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй /3,000,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.