Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн заалтнаас болж асуудал үүсээд байна"

Э.Баатар, Өдрийн сонин
2019 оны 5 сарын 14
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Хөөн хэлэлцэх хугацаан дээр "тоглолт" хийж ял завшихгүй гэх баталгаа байхгүй болсон-

Эрүүгийн хуульд 2017 оны тавдугаар сард УИХ-ын гишүүд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд засвар оруулж өөрчилсөн байна. Үүнээс болж олон сөрөг үр дагавар гараад байгаа. Хамгийн том жишээ гэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга нар бусдаас их хэмжээний авлига авсан гэмт хэрэгт шалгагдаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Гэвч дээрх алба хаагчдыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх хуулийн заалтын дагуу хорих ял оноогоогүй юм. Үүнээс үүдэн алив гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар янз бүрийн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн өөрчилсөн талаар хуульч Т.Мөнх-Оргилтой ярилцлаа.

-УИХ-аас хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэлцэж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зарим зүйл заалтыг хассан юм байна. Яг ямар өөрчлөлт хийсэн юм бэ. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал олны анхаарлын төвд орчихоод байна?

-Хөөн хэлэлцэх хугацааны 1986 оны Эрүүгийн хууль, 2002 оны хуулийн томьёолол хоорондоо адилхан байсан гэж хэлж болно. Хөнгөн гэмт хэрэгт үйлдэгдсэнээс хойш зургаан cap, хүндэвтэр гэмт хэрэгт таван жил, хүнд гэмт хэрэг 15 жил, онц хүнд гэмт хэрэг 25 жил байхаар хөөн хэлэлцэх хугацааг хуулиар баталж өгсөн байдаг. 2002 оны хуулиар яг ийм байдлаар хуульчлагдсан.

Хөөн хэлэлцэх хугацааг хуулийн байгууллага хуульд заасны дагуу ингэж л дагаж мөрдөж ирсэн юм. Харин 2015 оны Шинэчилсэн Эрүүгийн хуулиар өөрчлөгдсөн байдаг. Тухайн хуульд гэмт хэргийг хөнгөн, хүнд, хүндэвтэр гэж ялгаж зааглахаа больсон. Хорих ялын хэмжээ нэг жил хүртэл гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа нэг жил.

1-8 жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдсэн байвал хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил, 15 жилээс дээш гэмт хэрэг үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 12 жил, бүх насаар нь эсвэл 20 жил хүртэлх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил болгон өөрчилсөн байдаг, 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан хуульд гэмт этгээд хуулийн байгууллагад шилжсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэсэн заалтыг нэмж оруулсан байсан.

Өөрөөр хэлбэл таван жил хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан гэмт хэрэгтнийг хуулийн байгууллага хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө бариад авлаа гэхэд тэр өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа шууд зогсохоор хуульд тодорхой заагаад өгчихсөн байсан юм. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно.

Яллагдагчаар татсанаар гэмт хэргийн мөрөөр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зоГсооно гэсэн байдаг. Үүнээс үүдэн хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр гэмт хэрэгтнүүд ямар нэгэн “тоглолт” хийж ял завших асуудал бүрэн зогссон гэж хэлж болно. Гэтэл УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 18-ны эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр дээрх хуулийн заалтыг хүчингүй болгоод хасчихсан.

Эрүүгийн хуулийн нэгдүгээр зүйлийн 10-т зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.

Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гээд өөрчилсөн. Үүнээс болоод асуудал үүсээд байгаа. 2015 оны нэмэлт өөрчлөлтийг хасаад 2002 оны хуучин Эрүүгийн хуулийг эргүүлэн дагаж мөрдөж байгаа л асуудал юм шүү.

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэмт хэрэг шүүхэд очвол яах вэ. Гэм буруутай гэдэг нь тогтоогдчихсон гэмт хэрэгтнийг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан юм байна гээд ял егөлгүй явуулна гэсэн үг юм уу?

-Тэгж ойлгож болно. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хуульд заасан хөөн  хэлэлцэх хугацаа өнгөрчих юм бол хариуцлага хүлээхгүй. Шүүх дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэрэг очлоо гэхэд шүүх бүрэлдэхүүн гэм буруутай гэдгийг тогтооно. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан бол ял оноохгүй. Шүүх бүрэлдэхүүн “Чи гэмт хэрэг үйлдсэн байна. Хуульд зааснаар ял оноох боломжгүй юм байна” гэсэн байдлаар шийдвэр гаргана.

Хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулиар тухайн ажиллагаа явуулах боломжгүй байдал үүснэ. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэсэн үг юм. Гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэнг мөрдөн шалгах явцад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал гэмт хэрэгт холбогдож байгаагүй болж хувирна. Өөрөөр хэлбэл ганцхан шүүх л хүнийг гэм буруутай эсэхийг тогтоодог шүү дээ.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдчихээд ял шийтгүүлэхгүй байна. Үүний цаана хохирогч байхгүй. Тэгэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогч байхгүй болохоор ял завшчихаж байгаа юм. Албан тушаалын гэмт хэрэг өөрөө хохирогч байдаггүй. ЖДҮ-гийн гэмт хэрэг гээд л яригдаад байгаа.

Энэ хэрэг гэхэд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаад “Чи энэ зээлийг надад гаргаад өгчих” гэж хэлээд зээл авчихаж байна. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Ийм учраас л хүмүүс шүүмжлэлтэй хандаад байгаа. Харин бусдын биед гэмтэл учруулсан ч юм уу, хүний амь нас хөнөөсөн хэргүүд хохирогч байгаа. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн чиний хийсэн үйлдэл эрүүгийн хэрэгт заасан гэмт хэрэг мөн. Харин хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихаж.

Гэхдээ бусдыг хохироосон бол нөхөн төлбөрийг өгөх ёстой гэж ханддаг. Албан тушаалын гэмт хэрэг хохирол тогтоох боломжгүй байгаа юм.

-Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан бол дахин төрийн албанд ажиллуулахгүй гэдэг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэмт хэрэгтэн төрийн албанд дахин ажиллах эрх нь нээгдэж байгаа юм биш үү?

-Хамгийн ноцтой сөрөг үр дагавар нь энэ болчихоод байгаа юм. Төрийн албаны тухай хуульд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн бол төрийн албанд ажиллах эрхийг хасна гэсэн байдаг. Тэгвэл гэмт хэрэг үйлдсэн байлаа ч ял шийтгэл аваагүй хүн Төрийн албаны тухай хуулиа бариад би гэмт хэрэг үйлдэж ямар нэгэн ял аваагүй. Тиймээс өрийн албанд ажиллах боломжтой гээд маргаан гаргавал хууль өөрөө тэр хүний талд шийдвэр нааштайгаар шийдэгдэх болчихоод байгаа юм.

-Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэгтэн болон өмгөөлөгч нар өөртөө ашигтайгаар ашиглах боломжтой юу?

-2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан хууль батлагдахаас өмнө гэмт хэрэгт холбогдсон этгээд болон түүний өмгөөлөгч хэрэг шалгах ажиллагааг удаашруулж цаг хугацаа хожих гэсэн асуудал гардаг байсан. Үйлдсэн хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд мөрдөн байцаалтыг санаатайгаар удаашруулах, шүүхэд очсон бол гэмт хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болгож нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэх.

Өмгөөлөгч нь ямар нэгэн арга хэрэглэж шүүх хурлыг хойшлуулж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгох асуудал байдаг байсан. Үүнийг одоо дахин ашиглахгүй гэх баталгаа байхгүй гэж хэлж болно.

Зураг