Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны байдлаар хавдраар өвчилсөн 702 хүүхэд байна!

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо.

Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв болон холбогдох мэргэжлийнхэн оролцсон юм. 

Хэлэлцүүлгийн үеэр “Хүүхдийн хорт хавдар ба төрийн баримталж буй бодлого” сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа илтгэл тавьсан юм. 

Тэрбээр “Эрүүл мэндийн тухай хуульд хүүхдэд үзүүлж байгаа хорт хавдрын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ гэж заасан байдаг. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээг явуулж байгаа. 

ДЭМБ 2030 он гэхэд хорт хавдраар өвчилсөн хүүхдийн насжилтийг 60 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан юм билээ.   

Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд нялхсын эндэгдлийн түвшинг 16-гаас найм болгоно, тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийг 16-гаас ес болгоно гэсэн зорилго урдаа тавьсан.   

2018 оны байдлаар 77,528 хүүхэд төрсөн. Монгол Улсын нийт хүн амын 37 хувийг 0-19 насны хүүхэд эзэлдэг. Хүүхдийн хорт хавдрын өвчлөл нь насанд хүрэгчидтэй харьцуулахад бага байдаг ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. 2014 онд хорт хавдартай хүүхдийн 74 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол 2018 онд 96 тохиолдол шинээр бүртгэгдсэн. 

2014-2018 онуудын хавдартай хүүхдүүдийн дийлэнх буюу 95.7 хувь нь хоргүй хавдар байна. Түгээмэл тохиолдор хавдар нь тунгалагын, цус төлжүүлэх болон түүний төрлийн хавдар эзэлдэг. 

2016 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас химийн эмчилгээний нэг тохиолдлыг 450 мянган төгрөгийн өртөгөөр санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлээд байгаа.  

Тусламж үйлчилгээнд үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Хавдрын эм удаан хугацаанд хэрэглэдэг үнэтэй эмнүүд байдаг. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гурван эмийг 50 хувийн хөнгөлөлттэй авах боломжийг бүрдүүлсэн. 

2017, 2018 онуудад 5,336 хүн 6,832,228 төгрөгийг өртөгтэй мэс засал хийсэн байна" гэсэн юм. 

0-19 насны хүүхдийн хавдрын өвчлөлийн түвшин өссөн

Харин ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга н.Гантуяа "Хүүхдийн химийн эмчилгээ"-ний талаар “2015 оны гуравдугаар улирлаас эхлэн хавдартай хүүхдүүдийг ХСҮТ-өөс үе шатлалтайгаар шилжүүлэн ЭХЭМҮТ-д авч эхэлсэн. 2014-2018 онд 0-19 настай хавдар гэсэн эмнэлзүйн оноштой хүүхэд бүрийн мэдээллийг бид бүртгэдэг болсон. 

Эндээс харахад улсын хэмжээнд 0-19 насны хүүхдийн хавдрын өвчлөлийн түвшинг 10 мянган хүн ам тутмаар бодоход өссөн байгаа. 2018 оны байдлаар хавдартай нийт 702 хүүхэд байна. Үүний 260 нь хорт хавдраар өвчилсөн байна.  Хорт хавдартай хүүхдийн тоо жил ирэх тусам өссөөр байгаа. 

2018 онд хорт хавдрын улмаас 167 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Тэр хүүхдүүдийн давтан хэвтэлтийн тоо 688 байна. 
ЭХЭМҮТ-ийн хавдар судлалын тасаг 35 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаагийн тав нь хөнгөвчлөх эмчилгээний тасаг. Одоогоор 13 төрлийн хорт хавдрыг эмчилж байна. 260 хүүхдийг байнгын хяналтад байлгадаг" гэсэн тоо баримтыг танилцууллаа.