Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийгмийн сүлжээ ашиглахад регистрийн дугаараар баталгуужуулдаг болговол үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилоход хүргэнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

НҮБ-ын Тусгай илтгэгч, ноён Мишель Форст Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж гаргахаар хоёр долоо хоногийн хугацаатайгаар ирсэн билээ.

Тэрбээр Улаанбаатар хот болон Дорноговь аймагт ажиллахдаа Хүний эрхийн 100 гаруй хамгаалагчтай уулзаж санал, сэтгэгдэл, нөхцөл байдлыг нь сонсож, ярилцжээ.

Тэгвэл Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдал ямар байгаа талаар тэрбээр урьдчилан гаргасан дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.

Мишель Форст "Монгол Улсад харьцангуй эрч хүчтэй, идэвхтэй иргэний нийгмүүд олон байдаг. Хүний эрхийг хамгаалахаар ажиллах нь олон улсад ихээр яригдаж байгаа асуудал. Монгол Улсад үнэлгээ хийхдээ хүний эрхийг хамгаалагчдад аюулгүй, таатай орчин байгаа эсэх, эрх зүйн орчин ямар байгаа вэ гэдэгт анхаарлаа хандуулсан.

Хүний эрхийн хамгаалагчид гэдэг нь ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах биелүүлэхийн төлөө тайван замаар ажиллаж байгаа хүмүүсийг хэлдэг хэмээн томъёолсон байдаг.

Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалагч байхын тулд аль нэгэн байгууллага, хэн нэгний удирдлага дор харьяалагдах шаардлага байхгүй. Хэн ч байсан хүний эрхийг хамгаалагч байх боломжтой. Хүний эрхийг хамгаалагчид бол өөрчлөлт шинэчлэлийг авчирдаг, ардчиллыг дэмждэг, түүнийг нээлттэй байхыг шаарддаг, олон ургалч үзэлтэй, идэвхтэй хүмүүс юм.

Харамсалтай нь, энэ тодорхойлолтыг Монголд тэр бүр сайн мэддэггүй, ойлгодоггүй бололтой. Энэ нь хүний эрхийг хамгаалагчидтай уулзах үеэр ажиглагдсан.

Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуулийн төслийг ХЗДХЯ батлуулахыг цааргалж байгаа

Монголд хүний эрхийг хамгаалагчдын эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах заалтуудыг агуулсан олон сайн хууль байна. Гэхдээ бодит амьдрал дээр эдгээр хуулийн хэрэгжилт сул байдаг нь хүний эрхийг хамгаалагчдын ажлыг хүндрүүлж байна.

Үүнээс гадна сүүлийн үед батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь хуульд захирагдах зарчимд ухралт гаргаж, иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэл дагуулж байгаа нь миний анхаарлыг татлаа.

Мөн Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хамгаалагчдын тухай хууль батлахаар ажиллаж байгааг сонсох таатай байлаа. Харамсалтай нь, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэхүү хуулийн төслийг батлуулахаас цааргалж байгаа гэсэн.

Монгол Улсад хүний эрхийг хамгаалдаг хүмүүсийнхээ эрхийг хамгаалах хууль батлагдвал нийгэмд тэдний гүйцэтгэж буй чухал үүргийг хүлээн зөвшөөрүүлэхэд нэлээд ач холбогдолтой болох юм.

Түүнчлэн, 2014 оноос хойш хэвлэл мэдээллийн вэб хуудсуудад сэтгэгдэл үлдээж буй хэрэглэгчдийн IP хаягийг сэтгэгдэлтэй нь хамт ил тавихыг шаардсан журам үйлчилж байгаад санаа зовж байна.

Нийгмийн сүлжээ ашиглагчдад регистрийн дугаараар баталгуужуулахыг шаардаж буй хуулийн төсөл хэлэлцэгдэж буйг сонсоод бүр их санаа зовлоо. Хэрвээ энэ хууль батлагдвал эдгээр шаардлага нь хэрэглэгчийн хувь хүний нууц, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж, иргэний нийгмийн чөлөөт үйл ажиллагааг боомилоход хүргэнэ.

Ажиглалтын үр дүнд гаргасан зөвлөмж
  1. Төрийн бус байгууллагын тухай хуульд оруулах аливаа өөрчлөлтийг олон улсын хэм хэмжээтэй нийцүүлэх. Нэмэлт өөрчлөлт нь хүний  эрхийг  хамгаалагчдад болон хүний эрхийн байгууллагуудын ажлыг хязгаарлах бус, урагшлуулах боломжоор хангахад чиглүүлэх,
  2. Шүүхийн хараат бус байдал, прокурорын бие даасан байдал болоод эрх мэдлийн хуваарилалтыг сэргээх. Шүүх, АТГ, прокурор гэх мэт байгууллагуудын удирдлагуудыг дураараа халж, солих явдал нь шүүхийн хараат бус байдалд эрсдэл үүсгэж байна гэх болгоомжлолыг төрүүлж байгаа төдийгүй олон улсын стандартаас гажиж байгаа хэрэг.
  3. Төрийн бодлого болон бизнесийн үйл ажиллагааг шүүмжилснээр мөрдлөг, дарамт, эсхүл хүчирхийлэл амсдаггүй байх нөхцөлөөр хангах.
  4. Хүний эрхийн үндэсний комиссын төсвийг нэмэгдүүлэх.
  5. Тахарын албаны үйлчилгээг сэргээх замаар хохирогч, гэрчийн хамгаалалтыг хууль сахиулах байгууллагаас тусдаа хэлбэрээр институтчлэх.
  6. Олон улсын экспертүүдийг урьж, уулзалт зохин байгуулах.
  7. Хүүхэд залуучуудад өөрсдөд нь нөлөөлөх бодлогуудад үр дүнтэй, жин нөлөөтэй оролцохыг дэмжих орчин нөхцөл бүрдүүлэх. Ингэхдээ эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг нь бодитой хэрэгжүүлэх явдал чухал гэж үзлээ” гэв.   

Монгол Улсад ийнхүү ажилласан тухай тайлангаа нэгтгэн 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах юм байна.