Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг хорлон сүйтгэх ажиллагаанд өртжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Оманы буланд газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг нь хорлон сүйтгэх ажиллагааны золиос болсон тухай Саудын Арабын засгийн газар өнөөдөр мэдээлжээ.

Хөлгүүдийн нэг нь Персийн булан дахь Рас Танура боомтоос түүхий газрын тос тээвэрлэн Саудын Арабын төрийн өмчит Арамко компанийн АНУ дахь худалдан авагчид хүргэхээр аялж байсан гэнэ.

Хорлон сүйтгэх ажиллагааны дүнд хүний амь хохироогүй, газрын тос далайд асгараагүй боловч хөлгүүдийн бүтцэд ноцтой гэмтэл учруулсан гэж мэдээлжээ.

Ням гарагт АНЭУ (Арабын Нэгдсэн Эмират Улс)-ын эрх баригчид өөрийнх нь зүүн эргээс холгүй дөрвөн хөлөг хорлон сүйтгэх халдлагад өртсөн тухай мэдээлсэн юм. Саудын Арабын хоёр хөлөг АНЭУ-ын мэдээлсэн хөлгүүдийн дотор байсан эсэх нь тодорхой болоогүй байна.

Энэ бүс нутагт АНУ, Ираны хоорондын дайсагнал дээд цэгтээ тулаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт Ираны дэглэмд дарамт шахалт үзүүлэх зорилгоор Ойрх Дорнодод АНУ-ын их хэмжээний зэвсэг, техник цугларсан юм.

Пүрэв гарагт АНУ-ын Далай Тэнгисийн Захиргаанаас Персийн буланд үйл ажиллагаа явуулж буй арилжааны зориулалттай хөлгүүдэд анхааруулга гаргаж байв. Уг анхааруулгад Иран болон түүний гар хөл бологч хүчнүүд газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулах зорилгоор хорлон сүйтгэх ажиллагаа явуулж болзошгүйг өгүүлсэн байна.

АНЭУ болсон хэрэг явдлыг мөрдөн шалгахаар дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Саудын Арабын эрчим хүчний сайд Халид Аль-Фалих уг ажиллагааг “далай тэнгисээр зорчих эрх чөлөөнд халдаж, дэлхийн газрын тосны хангамж, нийлүүлэлтийг тасалдуулах гэсэн хэрэг” гэж тодорхойлсон байна.

АНУ-ын засаг захиргаа Персийн буланг Оманы булантай холбодог Oрмузын хоолойг “дэлхийн газрын тос тээвэрлэлтийн хамгийн чухал дамжин өнгөрөх цэг” гэж нэрлэсэн байдаг.

Хамгийн нарийн хэсэгтээ 50 орчим километр өргөн энэ хоолойгоор дэлхийн нийт газрын тосны арилжааны 20 хувь дамжин өнгөрдөг юм.

Одоогоор Саудын Араб, АНЭУ-ын аль аль нь хорлон сүйтгэх ажиллагаанд Ираны тал оролцсон эсэх талаар ганц ч үг дурдаагүй байна.

 

Эх сурвалж: CNN