Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Раднаасэд: Надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэгт холбогдохоор намайг ард нь байна гэдэг явдал байж боломгүй зүйл

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хуулийн байгууллагынхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ний өдөр МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын гэр, албан тасалгаанаас 230 сая төгрөг 152,177 ам.доллар, 70,000 юань хураан авч тэдэнд авлигын хэрэг үүсгэж байгаа талаараа мэдээлж байв. 

Гэвч энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр анхан шатны шүүхээс уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Уг явдалтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлах явцад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэг гарсан үеэс шүүхээр шийдэгдэх хүртэлх хугацаанд тооцдог болох горимын санал гарган батлуулсан гэх хардлагад өртөөд байгаа. Харин өмнө нь хэрэг шалгагдаж дууссаны дараагаас хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлдэг байжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд мэдээлэл хийв.

Тэрбээр “Хуулийн төсөл дээр хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татагдах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно гэсэн. 

Харин санал гаргаж өөрчилсөн байдал нь “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход зогсоно” гэж өөрчилсөн. 

Яагаад ингэж өөрчилсөн гэхээр тухайн үед прокуророос хүнийг яллагдагчаар татаад хорьж, мөрддөг. Бүх насаасаа шахам яллагдагчаар татагдаад, хөөх хэлэлцэх хугацаа нь мөрдөх байгууллага дээр зогсчихдог учраас хөөн хэлэлцэх хугацаанд нь бариулж, мөрдөх ажиллагааг яаравчлуулдаг болъё гэсэн юм. Тэгэхгүй бол хөөн хэлэлцэх хугацаа 24 сар нэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр цааш нь хугацаагүй хорих заалтууд байгаа. 

Хоёрдугаарт, 2002 оны болон 1986 оны Эрүүгийн хуулиуд дээр бидний өөрчилснөөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж байсан юм. Үүнийг өөрчилснөөр 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн. 

Хэрэг түдгэлзсэн, хөөн хэлэлцэх хугацаа зогсдогтой холбоотойгоор хэргийн оролцогчдын хэн нэг нь алга болох оргон зайлах зэргээс болоод тухайн хүн насаараа яллагдагчаар явах, насаараа мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон.    

Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор энэ саналыг гаргасан. 

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухай хүн насаараа гэмт хэрэгтэн болох эрхээ эдэлж чадахгүй, гадаад руу явж чадахгүй байдалд байна гэсэн үг. 

С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж үүнийг өөрчилсөн гээд байгаа. 1986 болон 2002 оны Эрүүгийн хуулиудад бүх насаар нь хорих болон цаазаар авах ялтай гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэсэн заалт бий. Одоо ч ийм байгаа

Гуравдугаарт, мэргэжлийн хяналттай холбоотой их зүйл явж байна. Тэр хүмүүсийн нэг нь надтай нэг төгсөлтийнх. Надтай хамт төгссөн 130 гаруй хүнийг хэрэг төвөгт холбогдохоор Раднаасэд ард нь байна гэдэг явдал бол байж боломгүй зүйл. Энэ хүмүүс намайг мэргэжлийн хяналтад ажиллах нэг жилийн хугацаанд тэнд ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2,000 байцаагчийн үйлдсэн хэрэг болгоны цаана Раднаасэд байна гэвэл түүн шиг том гүтгэлэг байж болохгүй. 

Сүүлийн үед яг энэ асуудлаар Раднаасэдийг харлуулах мэдээ сэлтийг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч хийж байна. Нөгөө талаас ч хийж байгаа" гэлээ.