Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Бадарч: Цогтцэций суманд байгаль орчны сүйрэл болж байна

www.mongolianminingjournal.com
2019 оны 5 сарын 13
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Өмнөговь аймгийн Цогтцэций сум уул уурхайн хөгжлөө дагаад Монгол Улсын хамгийн хөл хөдөлгөөнтэй сум болжээ. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 20-иод мянган иргэн энэ сумын нутаг дэвсгэрт байнгын болон түр оршин суудаг. Уул уурхай улс орны эдийн засагт гол хүч нэмдэг  ч олборлолтын бүсэд байгаа нутагт сөрөг олон зүйлийг үүсгэж байна. Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчтай ярилцлаа.

- Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй  хэчнээн уурхай үйл ажиллагаа явуулж байна  вэ?

- Цогтцэций сум аймгийн 15 сум дотроо хамгийн бага буюу 700 гаруй га газар нутагтай. Түүний 16% нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс  төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, Өмнөговь аймгийн ууган уурхай буюу  орон нутгийн өмчит “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” гэсэн гурван том төсөл Тавантолгой бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төсөл жилдээ  20-иод сая тонн нүүрс олборлон, экспортлож байна. Өөрөөр хэлбэл,  20-30 сая тонн нүүрс экспортлохын тулд хөрс хуулалт, тээврийн үйл ажиллагаанд  20-30 туслан гүйцэтгэгч компани мөн оролцож   байна. 

- Цогтцэций бол  уул уурхай дагасан, хамгийн их сөрөг нөлөөлөлд өртөж байдаг сум. Зам харгуй, бэлчээр нутаг талхлагдан нутгийн уугуул, суугуул олон мянган малчид, иргэд  амьдрах орчингүй болж байна. Байгаль орчны доройтол, усгүйдэл энэ суманд аль хэдийнэ  нүүрлэсэн. Уул уурхайн олборлолтоос нөлөөлж байгаа ямар асуудал байна вэ?

- Цогтцэций суманд  үйл ажиллагаа явуулж буй эдгээр уурхайг дагаж  зах  зээл,  хөгжил бий болж  байна. Ийм сайн тал байгаа ч олборлолтын явцад  үүсч буй асуудлууд нутгийн иргэдэд хамгийн ихээр нөлөөлж байгаа. Орон нутагт суурин засаг захиргааны харъяалалтай 7800 иргэн бий. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 20-иод мянган хүн энэ сумын нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээ авч, ажил, үйлчилгээ эрхэлж байна. Цогтцэций сум нүүдлийн соёл иргэншил зонхилсон, мал аж ахуйн эдийн засгийн бүтэцтэй сум байсан. Өнөөдөр эдийн засгийн бүтцийн тогтолцоо нь өөрчлөгдөж уул уурхай, хүнд үйлдвэр, мал аж ахуй гэсэн хосолмол эдийн засгийн бүтэцтэй болжээ. 

Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс үүсч байгаа сөрөг нөлөөлөл мал аж ахуйн  үйлдвэрлэлдээ  хүндээр тусч байна. Энэ нь хэд хэдэн шинж чанараар илэрч байгаа. Нэгдүгээрт, уул уурхайн олборлолтоос үүссэн  агаарын бохирдлын улмаас  энэ нутаг дэвсгэрт түр болон байнгын оршин сууж байгаа 20 гаруй мянган хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах  баталгаа алдагдсаар байна. Хоёрдугаарт, байгаль орчны сүйрэл болж байна. Хөрсний эвдрэлийг дагаад бэлчээр нутгийн нэг хэсэг нь эвдэрч, ургамлын бүрхэвч, байгалийн зүй зохистой эко систем алдагдаж байна.Хамгийн их анхаарал татдаг асуудал бол ус. Уг нь эхлээд дэд бүтцээ бий болгож,  сөрөг хандлагуудыг зөөллөх байдлаар бүх зүйлийг нь шийдэрлэж байж  олборлолтын ажил явагдах ёстой. 

Өмнөговь аймаг уул уурхайгаас 100 гаруй тэрбум төгрөгийг  улсын төсөвт төвлөрүүлж байна. Аймаг өөрөө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын урсгал зардалтайгаа  нийлээд 160-аад тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ нь орон нутгийн бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаа шийдэж байгаа таатай боломж мэт боловч  шийдэх ёстой олон сөрөг зүйл байсаар байна.  Нүүрс экспортлож буй нь эдийн засгаа сэргээж байгаа гол арга мөн. Гэхдээ олборлолтын бүсэд байгаа бүс нутгийн асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэх ёстой. Бидэнд тулгарч байгаа  хамгийн том бэрхшээл энэ юм.   

- Улаанбаатар хотыг утаагүй болгох зорилгоор Тавантолгой ордоос энэ жил нүүрс зөөж эхэллээ. 100 гаруй хүнд даацын машинууд зам дагуу нутагладаг малчдын бэлчээрийг талхалж,  тоосжилт үүсгэн  өдөр шөнөгүй хот руу нүүрс тээвэрлэж байгааг нутгийн иргэд маш их эсэргүүцэж байна. Сумын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

- Монголын хүн амын 50% нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатарын  утааны асуудлыг шийдвэрлэх гэж байгаа Засгийн газрын бодлогыг үгүйсгэхгүй. Уурхайгаа олборлож эдийн засгаа сэргээх нь зөв боловч үүсэх сөрөг нөлөөллөө арилгах зүйлээ бодолцоогүйгээс  асуудал гардаг. Үүнтэй адил нүүрс тээвэрлэлт дээр  маш их сөрөг асуудал гарч байна. Сумын засаг дарга, нутгийн малчид, иргэд стандартын шаардлага хангасан замаар нүүрс тээвэрлэлт явуулах шаардлага тавьж байгаа. Засаг даргын хувьд энэ их тоосжилт, байгаль орчны сүйрлийг шийдэх нэг  гарц бол авто тээврийн зам. Тиймээс 15 орчим километр замыг сайжруулсан зам болгоод тээврээ хий гэсэн байр суурьтай байна, сумын ард иргэд.

Одоогоор Цогтцэций сум руу төв замаас  59,6 км-ын зам тавигдаж байгаа бөгөөд ирэх 11 сард ашиглалтад орно. Цогтцэций сумын нутагт 35 километр хатуу хучилттай замыг  тоосжилт ихээхэн  үүсдэг  хэсгүүдэд тавьж  болох юм байна гэж үзээд Засаг даргын мөрийн хөтөлбөртөө энэ талаар  тусгаж өгсөн. Одоогоор  23 орчим километр замын хөрөнгийн асуудал яригдаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Баруун Цанхийн тосгон хүртэл 10 километр засмал замаа тавих юм бол энэ сумын баруун дээд талаас үүсч байгаа тоосжилтын асуудал нэлээд цэгцэрнэ.

- Говьд тоосжилт хэрээс хэтэрсэн.  Ялангуяа уул уурхайтай сумдад илүү их тоосжилттой байна. Тоосжилттой хэрхэн тэмцэж байна вэ?

- Тоосжилтын асуудал үнэхээр хүнд байна. Тоос их гарч байна, тэрийг зогсоож, тэгж тэмцэнэ  гэдэг тэмцлийн арга барил одоо сонин биш болсон.  Үр дүнгээ ч өгдөггүй. Тоосжилттой холбоотой үүсч байгаа нийгмийн сөрөг нөлөөллийн асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)  хоёр жилийн өмнө Цогтцэций суманд ирж  судалсан. Сумын зүгээс тоосжилтын асуудлаар олон улсын хэд хэдэн байгууллагад санал тавьсан ч дэмжигддэггүй байсан. Харин ХЭҮК-оос уул уурхайн олборлолтын нөлөөлөлд өртөж байгаа бүс нутгийн нийгмийн асуудлын тайлан гаргаж Ерөнхий сайдад танилцуулж байгаа гэж дуулдлаа. Тайлан бидний гар дээр ирнэ. Үүсээд байгаа энэ асуудлыг яах вэ гэдэг олон арга замыг тодорхойлж гаргаж ирээд тэр нь бодлого болж хэрэгжих ёстой.

Цогтцэций сум эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Судалгаа хийхэд Цогтцэций сумын зонхилох өвчлөлийн нэгдүгээрт  амьсгалын замын, хоёрдугаарт  ходоод гэдэсний өвчин, гуравдугаарт  хавдар  эзэлж байна. Агаарын бохирдлоос шалтгаалан амьсгалын замаар дамжсан өвчлөл их гарч байна.  Уул уурхайгүй тайван амгалан нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдтэй харьцуулбал  манай бүс нутагт иргэдийн эрүүл мэндийн асуудал маш хүнд нөхцөлд байдаг. Тоосжилтыг үүсгэж байгаа хэдэн хүчин зүйл бий. Уурхайн олборлолт гарцаагүй орно. Говийн хөрс эмзэг, уур амьсгал хуурайшилт, салхи их нөлөөлдөг. Сум тэлээд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдчихсэн. Уурхайнуудад  дотоод тоосжилт их байна, үүнийгээ шийд гэж би нэг л зүйлийг шаардаж байгаа.

- Цогтцэций сумын Цагаан-Овоо баг бүхэлдээ  уурхайн нөлөөлөлд өртсөн. Уул уурхайн компаниуд нөлөөллийн бүс дэх малчдын асуудалд хэрхэн хандаж байна?

- Цогтцэций сум 2,500 өрхтэй, үүнээс 300 гаруй нь малчин өрх байна.  “Энержи Ресурс” ХХК уурхайн нөлөөллийн бүсийн айлуудын асуудлаа шийдчихсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н нөлөөллийн бүсэд 20 гаруй өрх бий. Эдгээр өрхийн асуудлыг анхааралдаа  онцгойлон авч шийдэх шаардлагатай гэсэн саналаа  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад танилцуулсан. Уурхайн нөлөөллийн хүчтэй бүсэд 5-6 айл байдаг. Түүнээс цааш бага нөлөөлөлд, бүр нөлөөлөлгүй гээд нийтдээ 20 гаруй өрх айл амьдардаг юм. “Эрдэнэс Тавантолгой” компани Цогтцэций суманд салбараа байгуулж аймаг, сумын засаг даргатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Нөлөөллийн бүсийн айлуудад анхаарал хандуулах, хашаа хороог нь засах сэлбэх, худаг ус гаргах зэрэг асуудлаас гадна сум орон нутгийн бодлогын томоохон ажлуудыг хамтын ажиллагаагаар шийдэх боломжтой болсон. 

- Говьд усны хомсдол хэдийнэ нүүрлэсэн нь энэ их цөлжилт тоосжилт хуурайшилт, уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож  байна. Уул уурхайн усны хэрэглээг багасгах тал дээр  зайлшгүй анхаарах ёстой байх аа?

- Говь нутаг  хөрсний ус ховортой, гүний усаар л амьдардаг. Гүний ус олон давхаргатай ч хүний эрүүл ахуйд таарах нь ч бий, таарахгүй хатуулгатай ч бий. Ус ашиглалтын  менежментийн томоохон бодлого  үгүйлэгдэж байна. Үйлдвэрлэлийн, ахуйн хэрэглээний, бэлчээрийн усан хангамжийн, байгаль орчны нөхөн сэргээлтийн усан хангамж зэрэг усны хэрэглээ 5-6 чиглэлээр тодорхой болчихсон учраас том менежмент хийх хэрэгтэй. Уул уурхайн усны хэрэглээг багасгахын тулд ямар технологи байх ёстой вэ гэдэг нь асар том бодлогын асуудал юм. Галба-Өөшийн долоодын газрын сав газарт хамаарагддаг бүс учраас Усны менежментийн төлөвлөгөө хийгдэж байгаа.  

- Уул уурхайн компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтэд хэр бодитой ханддаг юм бол?  

- Нөхөн сэргээлтийн хоёр төрлийн ойлголт бий. Манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд  өвөрмөц тогтоцтой. Өөрөөр хэлбэл,  уурхайн гүний уналттай. Багахан ашиглаад л нөөц дууссан  тохиолдолд дотоод овоолго үүсгэн техник, биологийн нөхөн сэргээлтийн дүүргэлт хийдэг бол манайд тийм биш. Гуч, дөчин жил доошоо ухна. Ухсан уурхайд дүүргэлт гэдэг ойлголт байхгүй тул хаалтын нөхөн сэргээлт төлөвлөгдсөн байх ёстой. 30 жилийн дараа уурхайг хаахдаа  энэ орчноо аялал жуулчлалын юм уу, нуур болон ногоон бүс болгох уу гэдгээ   ард түмнээсээ асуугаад,  түүнд нь тохирсон хаалтын төлөвлөгөөг  хийх хэрэгтэй юм. Хаалтын төлөвлөгөөндөө тохируулаад жил бүр нөхөн сэргээлтийн ажил хийгдэж явах ёстой. Гэтэл хатуухан хэлэхэд  уурхайнууд өнөөдрөөрөө л явж байна. Манайхан дүйцүүлэн нөхөн сэргээнэ гэхээр мод тарина ч гэх юм уу ойрхон ажил бодож байна. Гэхдээ “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК Цэций уул орчимд сумаас тодорхой газар заалгаж, нөхөн сэргээлтийн ажлууд эхэлж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ тал дээр цаг их  алдаж байна.

Стратегийн томоохон ордууд үйл ажиллагаагаа явуулж  байгаа сум, орон нутгийн хувьд тулгарч байгаа асуудлыг  хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Асуудлууд байсаар байна. Саяхан л  гэхэд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаг “Страто” гэж компани байна. Говьсүмбэр аймагт баяжуулах үйлдвэр байгуулаад  эндээс хууль бусаар нүүрс тээвэрлэсэн. Одоогийн Баяжуулах үйлдвэр нь 1 сая 500 тн нүүрс баяжуулах хүчин чадалтай  гэж сонссон.  Дахиад л  нөгөө олон хүнд даацын тэргүүд манай нутгийг  талхлах нь. Нүүрсийг энэ газар нутгаар л тээвэрлэж таарна. Чойрын замаар нүүрс тээвэрлэхийг эрс татгалзаж, тэмцэж зогсоож байна шүү дээ.

- Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгүүлч, редактор Ч.Сумъяа

Зураг