Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Суданы нийслэлд шөнийн клубуудыг бүрэн хориглож, баарнуудыг эрт хаадаг болгов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Нийслэл Жуба хотын захирагч Августино Жадалла Вани

Өмнөд Судан улсын ерөнхийлөгч хүн амын дунд ёс суртахуунгүй байдал газар авахаас сэргийлэх үүднээс нийслэл Жуба хотод онцгой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Бямба гарагт тус улсын ерөнхийлөгчийн тамгийн газраас гаргасан мэдэгдэлд нийслэлийн шөнийн клубуудыг бүгдийг хориглож, баар, уушийн газруудын ажиллах цагийг богиносгох шийдвэрийг танилцуулсан байна.

Ингэхдээ баарнууд орой эрт хааж, өдрийн цагаар ажиллах хориотой болсон бол шөнийн клубүүдийн ажиллагааг бүрэн хоригложээ.

“Диско клубүүдийг бүрэн хориглолоо. Тэнд болдог зүйлс манай орны ирээдүйд маш аюултай тул ийм шийдвэр гаргаж байна” гэж нийслэл Жуба хотын дарга Августино Жадалла Вани шийдвэрийг тайлбарласан байна.

Үүнээс гадна зочид буудалд орж байгаа хосуудаас гэрлэлтийн баталгаа шаарддаг болох гэж байгааг тэр бас ярьжээ.

Африк тивийн Өмнөд Судан улсад зургаан жил үргэлжилсэн иргэний дайн өнгөрсөн оны есдүгээр сараас хойш завсарлаад байгаа юм. Тиймээс тус улсын эрх баригчид нийгмийн асуудалдаа анхаарал тавьж эхэлсэн нь энэ бололтой.

 

Эх сурвалж: AFP