Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговийн нярайн тасгийг чухал шаардлагатай төхөөрөмжүүдээр хангажээ

ikon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Энержи Ресурс компани, “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-тай хамтран  говийн бүсийн эмнэлгүүдийн нярайн тасгийг чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийг хэрэгжүүлж байна. Төслийн 2 дахь эмнэлэг болох Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт нийт 78.3 сая төгрөгийн үнэ бүхий 25 ширхэг төхөөрөмжийг төслийн багийнхан 5-р сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, ашиглалтанд орууллаа. Үүнд нярайн инкубатор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт улсын төсвөөс хангамж, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүдийг олгожээ.

Нийт 370 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд өмнө нь Говьсүмбэр аймаг хамрагдсан бол цаашид Өмнөговь, Дундговь аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр хангах ажил хэрэгжиж, энэ 5 сард дуусах юм байна. Нэг аймгийн төвд жилд дунджаар 1,000 хүүхэд шинээр төрдөг, 300-400 хүүхэд эмчлүүлдэг гэж үзвэл, жилд говийн бүсийн 7,000 гаруй хүүхдүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн олдоц, хүрэлцээ сайжрахаар байна.

Хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд наад захын шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүй, эсвэл хүрэлцээ муу байдгаас нярай эндэх, эмнэлэгийн тусламж хожимдож авах, өвчин нь хүндрэх тохиолдлууд байсаар байна. Ийм хүндрэлтэй байдлыг өөрчлөхөд энэ төсөл бодит дэмжлэг болох нь дамжиггүй.

Энержи Ресурс компанийн нийгмийн хариуцлагын менежер Г.Отгонтуяа:

Говийн бүсийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмжийн олдоц, хүрэлцээ сайжирснаар олон мянган нярай хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах нь  энэ төслийн хамгийн чухал үр дүн юм. Бид говийн бүсийн нийт 4 аймагт энэ төслийг хэрэгжүүлж байна. Эмнэлгүүдийн бодит хэрэгцээнд тулгуурласан учраас үр дүн нүдэн дээр илт байдаг. 

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бат-Энх:

Манай ТББ Монгол үрс эх орондоо эдгэрч эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж эхлээд 10 жил болж байна. Энэ зорилгынхоо хүрээнд хүүхдэд зориулсан олон төсөл хэрэгжүүлсэн.  Анх Дорноговь аймагт чухал шаардлагатай байгаа эмнэлэгийн тоног төхөөрөмжийн судалгаа хийхээр хэдхэн сарын өмнө очиж байлаа. Өнөөдөр ийнхүү хэрэгцээтэй төхөөрөмжүүдийг баталгаат засвар, үйлчилгээний хамт гардуулан, ашиглалтанд бэлэн өгч байгаад баяртай байна.

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Ц.Мөнхбаясгалан:

Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг урьдчилсан судалгаа, тооцооны үндсэн дээр нийлүүлж байгаагаараа онцлог юм. Хүүхдийн амьсгалын аппарат, хяналтын монитор, фото эмчилгээний аппарат гэх мэт олон төрлийн төхөөрөмжүүд байгаа. Үндсэндээ бол нярайн эрчимт эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээний тасаг нээж ажиллахад иж бүрэн тоног төхөөрөмжтэй боллоо гэсэн үг.