Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын нисгэгч урд дугуйгүй онгоцыг амжилттай газардуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө Мьянмар улсын Янгон хотоос ирээд Мандалаи хотын нисэх буудалд газардах төлөвлөгөөтэй байсан онгоцны урд дугуй дэлгэгдээгүй байна.

Ингээд Мьянмарын үндэсний агаарын тээврийн компанийн Embraer 190 загварын нисэх онгоцыг урд дугуйгүйгээр газардуулах ажиллагааг нисгэгч нь гүйцэтгэжээ.

Онгоцны ахмад Миат Мои Аунг урд дугуй буусан эсэхийг газарт байгаа хяналтын ажилтнуудад харуулахын тулд нисэх буудлыг хоёр удаа тойрон ниссэн байна. Ингээд тэр онгоцны жинг багасгахын тулд шатахуунаа агаарт шатааж дуусгаад газардах ажлыг эхлүүлжээ.

Нисгэгч ур чадвартай ажилласны үр дүнд онгоц зогсохоосоо 25 секундын өмнө хамраараа газар хатгасан ч 89 зорчигчоо аюул гэмтэлгүй буулгаж чадсан байна.

Мьянмарын тээврийн сайд Вин Хант сэтгүүлчдэд нисгэгчийн байгуулсан гавьяаг магтан ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт Мьянмарт агаарын тээврийн хоёр дахь осол гарсан нь энэ юм. Лхагва гарагт Биман Бангладеш Айрлайнз компанийн онгоц Янгоны олон улсын нисэх буудалд газардахдаа замаасаа гарснаас 17 зорчигч бэртсэн байна. Уг осолд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэжээ.

Эх сурвалж: BBC