Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Николас Мадуро: АНУ газрын тосны салбарт дайн хийхийг хүсэж байна

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Америкийн “ABC” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр АНУ-ын телевизэд нэлээд хэдэн жилийн дараа анх удаа ярилцлага өгч байгаа нь энэ гэдгийг ажиглагчид онцоллоо.

-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа Ерөнхийлөгч өө. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе Венесуэлийн сөрөг хүчин Хуан Гуаидотой уулзсан. Энэ уулзалтын талаар та ямар байр суурьтай байна?

-АНУ-ын Засгийн газрын хийсэн бүхэн бүтэлгүйтсэн. Вашингтон Венесуэль дэх улс төрийн нөхцөл байдлыг ашиглан Өмнөд Америкт дайн дэгдээхийг хүсэж байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе болон Хуан Гуаидо нарын уулзалт бол Венесуэлийн Үндсэн хуулиас гадуур дахин нэг Засгийн газар байгуулах гэсэн оролдлого юм. АНУ, Венесуэлийн харилцааны 200 гаруй жилийн түүхэнд манай улсад сонгууль явуулалгүйгээр Ерөнхийлөгч сонгож байсан тохиолдол байхгүй. Сонгууль явуулахгүйгээр ерөнхийлөгч сонголоо гээд сайн зүйл огтхон ч болохгүй.

-Би танаас шуудхан асуумаар байна. Хуан Гуаидог гэмт хэрэгтэн гэж та бодож байна уу. Түүнийг баривчлах уу?

-Би зөвхөн хуулиа л дагана. Шүүх өөрийн гэсэн шат дараалал, үргэлжлэх процесстой. Хэн ч хуулиас гадуур байх боломжгүй. Яг одоогийн нөхцөлд бол Хуан Гуаидо Николас Мадурогийн өмнө биш, хуулийн өмнө л хариулт өгөх ёстой.

-Сүүлийн үед Хуан Гуаидо Ерөнхийлөгч Трампын ашигладаг хэлцүүдийг ашиглах болжээ. Тэрбээр саяхан “Венесуэльд маш олон боломж байна” хэмээсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ бол дайн ойртож байгааг л илэрхийлж буй хэрэг.

-Тэгэхээр таны бодлоор АНУ Венесуэль рүү довтлохыг хүсэж байна гэсэн үг үү?

-АНУ Венесуэлийн газрын тосыг хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, газрын тосны салбарт дайн хийхийг хүсэж байгаа. Манай улс бол байгалийн баялгаар баялаг орон. Дональд Трамп АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэргүүн асан Эндрю Маккбаштэй ярилцаж, дайн хийхэд тохиромжтой улсаар Венесуэлийг сонгож байсан тухай мэдээлэл ч байдаг. Дайн хийхийнхээ өмнө Вашингтон ямар нэгэн байдлаар эхлээд шалтаг олдог. Иракт дайн хийхийнхээ өмнө тэд тус улсад хүн төрөлхтнийг устгах их хэмжээний зэвсэг байна гэж дэлхий дахинд мэдээлсэн.

Тэд энэ нь худлаа гүтгэлэг гэдгийг мэдсээр байж, ичмээр зүйл хийсэн. Венесуэлийн хувьд тэдэнд хангалттай олон шалтаг байгаа. Тухайлбал, хүмүүнлэгийн хямрал газар авч, хүний эрх зөрчигдөж, ардчиллын үнэт зүйлс устаж байна гэх мэт. Венесуэльчүүд бол маш эвсэг хүмүүс. Каракас хэзээ ч дэлхий дахинд хор хөнөөл учруулах бодлого баримталж, улс орнуудыг заналхийлсэн мэдэгдэл гаргаж байгаагүй. Тиймээс манай улсад үүсээд буй асуудлыг венесуэльчүүд өөрсдөө л шийдэх хэрэгтэй.

 

-Таныг Цагаан ордны тэргүүн “Эх оронч биш. Кубын хүүхэлдэй, дарангуйлагч” гэсэн?

-Венесуэль бол нэр төртэй улс. Бид бүгдээрээ эх оронч, хувьсгалчид. Бид “Simon Bolivar’’-ийн үзэл сурталд итгэдэг. Ард түмэн 20 гаруй жилийн турш засгийн эрхийг барьж байна.

-Та Дональд Трампаас айж байна уу?

-Би түүний эргэн тойрон байгаа хүмүүсээс айж байна. Хүйтэн дайны хэт даврагч, шинжээч Жон Болтон. Төв Америк болон дэлхий даяар зэвсэг, мансууруулах бодис худалдаалж байсан Эллиот Абрисс, Хүйтэн дайны үеэс эхлэн тагнуул хийж буй Тагнуулын төв газрын төлөөлөгч Майк Помпео зэрэг Трампын тойрон хүрээлэгчдээс айж байна. Майк Помпео бол улс төрийн талаар ялангуяа Латин Америкийн орнуудын улс төрийн талаар ямар ч мэдлэггүй. Ийм хүмүүс Трампын зөвлөхөөр ажиллаж байгаа үед юу болох нь тодорхой шүү дээ.

-Сенатор Марко Рубио Муамар Каддафигийн эрх мэдэлтэй байх үеийн болон цусанд будагдсан зургийг нь саяхан твиттерт оруулсан байсан?

-Нэгдүгээрт, аль ч улсын удирдагчид аймшигтай зүйл тохиолдож болно. Хүн бүр шударга ёсыг эрхэмлэж, бусдын эрхийг хүндэтгэх ёстой. Би Вашингтонд хандаж, Венесуэль энхийг хүсэж байна. Венесуэль Улс амар амгалан байх болно гэж хэлмээр байна.

-Каддафитай адилхан зүйл тохиолдох вий гэдгээс айж байна уу?

-Би улсаа хамгаалахын тулд амьдрах болно.

-Колумб болон Бразилаас Венесуэльд хүмүүнлэгийн тусламж ирсэн. Энэ бол цаг үеэ олсон чухал зүйл болсон гэж бодож байна. Учир нь венесуэльчүүдийн нөхцөл байдал хүндхэн хүнс болон эм тарианы тусламж хэрэгтэй хэвээр байгаа?

-Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ачааны машинууд АНУ-ын хилийг нэвтрэх гэж оролдвол тэд ямар арга хэмжээ авах байсан бол.Хэрэв америкчууд хүсээгүй байхад Мексикийн талаас туслахаар хилээр нь ачааны машин нэвтрүүлэх гэж оролдвол Дональд Трамп ямар хариу арга хэмжээ үзүүлэх байсан гэж бодож байна. Дональд Трамп Гондурасаас ирсэн 2,000 гаруй цагаачийг хилтэй нь ойртох л юм бол буудна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Венесуэлийг зорьж буй тусламжийн бараа ачсан ачааны машинуудын ард тоглолт болж байгаа. Ачааны машинд ачсан хоол хүнс эрүүл мэнд ахуйн шаардлага хангасан байх ёстой. Хэрэв бид үүнийг шалгалгүй оруулвал дараа нь ямар эрсдэл үүсэхийг таашгүй.

-Гэхдээ та Хятад болон ОХУ-аас ирсэн хүмүүнлэгийн тусламжийг эргэлзэлгүйгээр хүлээн авдаг. Тэгвэл яагаад АНУ тэргүүтэй бусад орноос тусламж авч болохгүй гэж?

-Венесуэлийн нөхцөл байдал Колумб, Гондурас, Эквадороос хамаагүй дээр байгаа. Мэдээж бидэнд асуудал байгаа. Гэхдээ бид асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Мөн бидэнд олон улсын тусламж хэрэгтэй. БНХАУ-ын манай улс руу илгээх тусламжаа нэмэхээр төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар ОХУ-аас 700 тонн эм тарианы тусламж аваад байна. Европын холбоо ч тусална гэдгээ илэрхийлээд байгаа. АНУ-ын хувьд манай улсын эсрэг хориг арга хэмжээ авсан. Тиймээс хориг арга хэмжээний хүрээнд юу ч нэвтрүүлэх ёсгүй.

-Хэрэв энэ өрөөнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп таны өмнө сууж байсан бол түүнд ямар мессеж өгөх байсан бэ?

-Би түүнд Венесуэлийн талаарх бодлоо цэгцэл. Венесуэль бол Өмнөд Америкийн орон.Харин АНУ бол Хойд Америкийнх. Одоо XXI зуун болохоос хүйтэн дайны үе биш. Хүйтэн дайн өнгөрсөндөө л үлдэх ёстой. Венесуэлийг байгаагаар нь хүлээн авч, Каракастай шинэ харилцаа бий болгоосой гэж хэлмээр байна.

-“ABC” телевиз Каракаст үйл ажиллагаа явуулаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд сүүлийн жилүүдэд хүмүүс хогийн савнаас хог түүж голоо зогоож байхтай олон тааралдсан. Каракасын их сургуулийн гаргасан судалгаагаар хүртэл венесуэльчүүд дунджаар 24 паунд турсан гэсэн судалгаа гаргасан. Сөрөг хүчнийхэн энэ бүхэнд таныг буруутай гэж үзэж байгаа?

-Би Нью-Йоркод очиж, хотын захын гудамжаар алхвал, Чикаго эсвэл Бостонд очиж, ядуу дүүргүүдийн гудамжаар зугаалбал хог ухаж, голоо зогоож байгаа олон хүнийг харах болно. Одоогийн байдлаар АНУ-ын гудамжид амьдарч буй иргэдийн тоо 40 мянгад хүрсэн талаар нэгэн судалгаа гарсан байна лээ. 40 сая хүнд нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэггүй гэсэн үг. Венесуэлийг эдийн засаг нь хүндхэн байдалд орсон бусад оронтой харьцуулахад бүх зүйл харьцангуй дээр байгаа. Зөвхөн АНУ-ын нүдэнд л бүх зүйл эсрэгээрээ харагдаад байгаа хэрэг.

Зураг