Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс Голаны өндөрлөгт Трампын нэртэй суурин байгуулах газраа товложээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэрээр нэрлэх суурингийн шавыг Голаны өндөрлөгт тавьснаа Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр зарлажээ.

Ням гарагт болсон засгийн газрын хуралдааны эхэнд Нетаньяху “Бид Голаны өндөрлөгт ерөнхийлөгч Трампын нэртэй суурин байгуулна гэж өмнө нь амласан билээ. Шинээр байгуулагдах суурингийн газарт шав тавьж, ажил эхэлсэн гэдгийг мэдэгдэж байна” хэмээн хэлсэн байна.

Стратегийн ач холбогдолтой уг газар нутгийг Израйлийн эзэмшил болохыг хүлээн зөвшөөрсний хариуд талархал болгож Трампын нэртэй суурин байгуулахаа тэр өнгөрсөн сард амлаж байв.

Дональд Трамп удаан хугацааны турш олон улсын хэмжээнд мөрдөгдөж ирсэн зарчмыг эвдэж, гуравдугаар сарын 25-ны өдөр Голаны өндөрлөгийг Израйлийн нутаг дэвсгэрт тооцох шийдвэр гаргасан юм.

Уг газар нутгийг 1967 оны зургаан өдрийн дайны үеэр Израйлийн арми Сири улсаас булаан эзэлж байв. 

2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Иерусалем хотыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн нь зүүн Иерусалемыг ирээдүйн улсынхаа нийслэл болно гэж үздэг Палестинчуудын эсэргүүцэл, бухимдалтай тулгарч байв.

Сүүлд 2018 оны тавдугаар сарын 14-нд АНУ элчин сайдын яамаа Тель Авив хотоос Иерусалемд нүүлгэж, гаргасан шийдвэрээ баталсан юм.

Израйль улс Голанд эзэлж авсан 1,200 км.кв талбайтай газрыг 1981 онд өөрийн нутгаар зарласныг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй.

Одоо энэ газарт 18,000 орчим Сири хүн амьдарч байгаагийн ихэнх нь Израйлийн иргэн болохоос татгалзсан юм. Өнгөрсөн хугацаанд Израйлиас 20,000 орчим хүн Голаны өндөрлөгт нүүдэллэн очиж, 33 орчим суурин байгуулаад  байна.

 

Эх сурвалж: AFP