Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Ногоон байгууламжид зарцуулсан хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа эргээд үр дүнгээ өгөх ёстой”

ikon.mn
2019 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт “тэмдэглэдэг” Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ жилийн хаврын мод тарих арга хэмжээний хүрээнд 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, анги хамт олон 10 төрлийн 3000 гаруй мод, бут сөөг тарих хүсэлтээ ирүүлснийг холбогдох байгууллагаас баталгаажуулжээ.

Улаанбаатарын  агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд мод тарих, ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх нь ус, агаар мэт хэрэгтэй ажил гарцаагүй мөн боловч тарьсан модоо усалж, арчилж, тордож, ургуулах ажлыг давхар байнга хийхгүй бол төдий л үр дүн гарахгүй байгааг энэ өдөр олон хүн хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хаврын мод тариалалтын нээлтийн арга хэмжээний үеэр “Нийслэлийн 83 байршилд цэцэрлэг ногоон байгууламж байна. Гэхдээ энэ нь тийм ч хангалттай үзүүлэлт биш. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн бүтэц, төрөл зүйлийг олшруулах, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн сайжруулах, Монголын ургамал судлаачдын туршилт судалгаагаар батлагдсан үр дүнтэй арга технологийн дагуу мод, бут сөөг тарьж, тооцоо судалгаатайгаар ногоон байгууламжаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн байгууллагынхны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллахаар болж байгаа. Уулын модыг буулгаж авчраад, Улаанбаатарт булшилдаг байж таарахгүй. Тарьсан модоо зүгээр л хөрсөнд суулгаад орхих биш, байнга арчилж, тордон, өсгөж үржүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа хий дэмий хоосон зүйл болж үлдэхгүй, эргээд үр дүнгээ өгдөг байхад бид хаана хаанаа анхаарах учиртай. Тиймээс өнгөрсөн жил тарьсан моддын хэдэн хувь нь ургаж төлжсөн талаарх мэдээллийг нэгтгэн гаргуулж байгаа. Цаашид нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилт үйлчилгээний ажлуудыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтарч хийнэ” хэмээн онцоллоо.

Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслан, Их, Бага Баяны ам, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо,  Жаргалант тосгоны нутаг дэвсгэр дэх “Мөрөөдлийн ой” төслийн талбайд мод тарих, ойжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа аж.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ес дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү өдрөөр хаврын мод тарих арга хэмжээг эхлүүлж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнөөдөр /2019.05.11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс