Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮНЭЛГЭЭ: АТГ-ын үйл ажиллагааг улс төр болон улстөрчдийн хяналтаас салгах шаардлагатай

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Транспэрэнси Интернэшнл байгууллагаас Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газарт анх удаа хөндлөнгийн үнэлгээ хийснээ танилцууллаа. 

Дэлхийн 129 оронд авлигатай тэмцэх байгууллага ажиллаж байгаагийн 29 нь Ази Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байна. Эдний нэг нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар юм. Ази Номхон далайн бүс нутгийн Авлигатай тэмцэх газруудыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Индонез, Бутан, Пакистан, Мальдив, Бангладеш зэрэг улсын АТГ-т тус байгууллагаас хөндлөнгийн үнэлгээ хийж байжээ.  

Манай улсын АТГ-т хийсэн үнэлгээний дүгнэлтийг нэгтгэвэл: 

  • АТГ-ын өөрийн ажлын гүйцэтгэл 77 хувь байгаа ч хөндлөнгийн үнэлгээгээр 59 хувь байгаа нь авлигатай тууштай, үр дүнтэй тэмцэхэд саад болж, ерөнхий үзүүлэлтийг доош нь татаж байна. 
  • Олон нийтийн төсөөлөл хэт сөрөг байгаа нь авлигын эсрэг үйл ажиллагаанд тушаа болж, популистуудын зэвсэг болжээ. Улс төрчид иргэдийг бодит мэдээллээр хангах эрхийг боомилж байна. Олон нийтийн ойлголт хууль хүчний байгууллагуудын эрх хэмжээ, ажлын хамрах хүрээг ялгахгүй, нийтэд нь хамруулж дүгнэлт хийх хандлагатай байна. 
  • Авлигын мэргэжсэн шүүх, шүүгч, прокурортой байх шаардлага бий болсон. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх нь эдгээр байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болохоор байна. 
  • Хууль тогтоомжид АТГ-ын санхүүжилт болон томилгоотой холбоотой өөрчлөлт оруулсан нь олон нийтийн хагарал, ойлголтын зөрүүг улам даамжруулсан гэжээ. 

Уг үнэлгээ, дүгнэлтийн талаар “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын тэргүүн Л.Төр-Одоос тодрууллаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "АТГ-ын үйл ажиллагааг бүхэлд нь хангалтгүй гэж үзэх учиргүй. Тодорхой зургаан чиглэл, 50 гаруй үзүүлэлтээр нарийвчилсан үнэлгээ хийсэн. Үүн дотроо улс төрөөс хараат бус байж чадаж байна уу, төсөв санхүүжилт нь хангалттай байна уу, мөрдөн байцаагчдын ур чадвар хэр байна мөн нөгөө талаас олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу гэдгийг цогцоор нь авч үзсэн. 

Энэ бүхнээс ямар дүгнэлт гарсан гэхээр АТГ-ын үйл ажиллагааг улс төр болон улстөрчдийн хяналтаас салгах шаардлагатай. Мөн АТГ-ын удирдлага нь улс төр, бизнесийн бүлэглэлээс хараат бус байж энэ байгууллагыг удирдаж чиглүүлэх боломж бүрдэх юм байна гэж дүгнэсэн. 

Үйл ажиллагааны хувьд ард иргэдэд илүү нээлттэй ажиллах шаардлагатай байгаа. Үүний анхны алхамууд нь Олон нийтийн төв, олон нийтийн зөвлөл юм. Гэхдээ энэ бол хангалтгүй. Өөрөөр хэлбэл, АТГ-ын гүйцэтгэх ажиллагаанаас бусад бүх зүйл олон нийтэд нээлттэй байх ёстой. 

Мөрдөн шалгах ажиллагааны тухайд АТГ үүсэн байгуулагдсан цагаасаа хойш шалгасан хэргийн тоо нь прокурорт шилжүүлсэн, шүүхээс шийдвэрлэгдсэн хэргийн тоотой харьцуулахад тун хангалтгүй байгаа” гэв. 

Транспэрэнси интернэшл байгууллага АТГ-т хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахаас гадна сана зөвлөмж гаргасан байна. 

Уг зөвлөмжид “Хүний нөөцийн тоог нэмэгдүүлж, нэг мөрдөгчид ногдох ачааллыг олон улсын жишгээр найм дахин бууруулах шаардлагатай” гэсэн байна. Мөн АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацааг дуусгах эрх зүй баталгаа, нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай гэжээ.