Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Түүхий нүүрсийг орлох сайжруулсан түлшийг картаар олгоно. Их хэмжээгээр худалдахгүй"

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй байх Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхлэхэд тав хоног үлдээд байна.

Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшний хэрэглээг сурталчлан таниулах, түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 4,604 орон тооны бус ажилтны чуулган өнөөдөр боллоо.

"Гал түлэхгүйгээр гэр, байшингаа халаах бүхий л шийдлийг дэмжиж ажиллана"
 
Гэрэл зургийг mpa.mn

Чуулганыг нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Сүүлийн 20-иод жилийн турш бид агаарын бохирдлын асуудал ярьж байгаа. Зарим тоон үзүүлэлтийг бид бүр цээжилчихсэн. Тухайлбал, Улаанбаатарын агаарын бохирдлын 80 хувийн эх үүсвэр нь гэр хороолол гэдгийг бүгд мэддэг болсон. Тиймээс агаарын бохирдол бууруулах ажил гэр хорооллоос эхлэх ёстой.

Өмнө нь асуудал хариуцсан албан тушаалтан, хороон дарга нарт найдаад явсан учраас агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ удаад иргэдийн хяналтад үндэслэн ажиллахаар шийдвэрлээд байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 4,604 орон тооны бус ажилтнууд зөвхөн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавиад зогсохгүй, гэр байшингаа дулаалах ажлыг уриалж, зөвлөх юм. Хэн нэгэн дарга үүрэг, чиглэл өгөөд бүтэхгүй гэдгийг бид өнгөрсөн жилүүдийн туршлагаас харж байна. Иргэн бүр дулааны алдагдлаа бууруулах, агаар орчноо бохирдуулахгүй байхад анхаарч нэг ч гэсэн үйлдэл хийх нь үр дүнд хүрнэ.

Түүнчлэн гал түлэхгүйгээр гэр, байшингаа халаах бүхий л шийдлийг дэмжиж ажиллана" хэмээн хэллээ.

Орон тооны бус ажилтнууд төвийн зургаан дүүргийн 139 хороонд хүрч ажиллах бөгөөд цаашид гэр хорооллын ариун цэврийн байгууламж, үнс хог хаягдлын талаар судалгаа авах ажлыг хийх юм байна.

"Нэг өрхөд 2-6 тонн сайжруулсан түлш худалдаалах урьдчилсан тооцоолол гарсан"
 
Гэрэл зургийг mpa.mn

Харин ирэх өвөл гэхэд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлж Улаанбаатарчуудыг гал залгуулах Тавантолгой Түлш компани одоогийн байдлаар 60 мянга гаруй тонн түлш үйлдвэрлэж, 100 мянга гаруй тонн түүхий эдийг татан төвлөрүүлээд байгаа гэнэ.

Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Ч.Гантулга "Сайжруулсан түлшийг хүртээмжтэй хүргэх, хомсдол үүсгэхгүй байх үүднээс их хэмжээгээр худалдаалахгүй байхаар шийдсэн. Нэг өрхөд 2-6 тонн сайжруулсан түлш худалдаалах урьдчилсан тооцоолол гарсан. Өрх бүрт карт тарааж, усны, автобусны карттай адил системээр цэнэглээд явна. Түүгээрээ 540 гаруй цэгээс түлшээ худалдаж авна.

600 мянган тонн сайжруулсан түлшний нөөцийг бий болгох зорилгоор Тавантолгой түлш компани гурван ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа" хэмээн ярилаа.

Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж байгаа. Нэг шуудай нь 3,750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана.

Түүхий нүүрсийг Улаанбаатар руу оруулахгүй байх шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихаар ЦЕГ-т 58 хүнтэй шинэ нэгж бий болгож, мэргэжлийн хяналтын байгууллагаас дөрвөн тусгайлсан пост гарган ажиллуулах юм байна.