Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны босс саран дээр буух аварга хөлгийг танилцуулав

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Амазон компанийг үүсгэн байгуулагч, манай гарагийн хамгийн баян хүн Жэф Безос өчигдөр Вашингтон хотноо өөрийн зохион бүтээсэн саран дээр газардах зориулалттай аварга хөлгийг танилцуулжээ.

Безосын үүсгэн байгуулсан “Blue Origin” компани хөлгийг зохион бүтээсэн бөгөөд “Blue Moon” хэмээн нэрлэсэн байна. Сүүлийн хоёр жилийн турш бүтээсэн уг хөлгөөр саран дээр хүн амьдрахад шаардлагатай эд зүйлсийг тээвэрлэн хүргэхээр төлөвлөжээ.

Роботууд, дэд бүтцийн тоног төхөөрөмжүүд зэргийг сарны гадарга дээр буулгаж, хүн амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой “Blue Moon” хөлгийн даац нь 6.5 тонн юм байна. Танилцуулгын үеэр Безос хэлээгүй ч тус компанийн сайт дээр уг хөлгийн томсгосон хувилбараар хүн тээвэрлэх боломжтойг дурджээ.

“Blue Moon” хөлгийг танилцуулснаараа Безос NASA-гийн анхаарлыг татах зорилготой нь тодорхой байна. Учир нь АНУ-ын засаг захиргааны шаардлагаар NASA саран дээр хүн буулгах хугацаагаа урагшлуулаад байгаа.

Тэд 2024 онд хүнгүй, робот станцыг саран дээр буулгах, 2028 онд хүн буулгах төлөвлөгөөтэй байсан бол өнгөрсөн сард ерөнхийлөгч Дональд Трамп саран дээр Америкчуудын дахин хөл тавих хугацааг 2024 он болгох даалгавар өгсөн юм.

Жэф Безос нь дэлхийгээ зөвхөн хүн амьдрах газар болгон үлдээж, аж үйлдвэрлэлийг сансрын уудамд гаргах ерөнхий төлөвлөгөө, онолтой ажилладаг хүн. Тэр үүгээрээ хүн төрөлхтөн дэлхийг сүйрэх хүртэл нь ашиглаад дараа нь өөр гараг руу нүүх ёстой гэж үздэг Илон Маскаас ялгардаг юм.

 

Эх сурвалж: Business Insider