Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Даариймаа: "Бургер кинг"-ээс хоолны хордлого гарсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна

Б.Намуунтамир, Зууны мэдээ
2019 оны 5 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Хан-Уул дүүрэгт байрлах “Бургер кинг”-ийн Зайсан дахь сүлжээ ресторанаар энэ сарын 7-нд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авсан талаар өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Д.Даариймаагаас тодрууллаа.

-“Бургер кинг” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн иргэд хордлого авч ХӨСҮТ-д хүргэгдсэн. Чухам юунаас болж хордсон талаар мэдээлэл өгөөч?

-Энэ сарын 7-ны өдөр тус хоолны газраар үйлчлүүлсэн гурван хүн хордсон гэх мэдээлэл ирсэн. Энэ дагуу “Бургер кинг”-ийн Зайсан дахь рестораны хоолноос 32 төрлийн шинжилгээний дээж авч лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Хариу нь хараахан гараагүй байгаа. Хоолны хордлого мөн эсэхийг тодруулахаар Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж байна.

-Хордлогод орсон иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-ХӨСҮТ-д хордлогын шинжтэй, цусан суулга гэсэн оноштой гурван хүн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэдний биеийн байдал одоо ямар байгаа, мөн хордлогын шинжтэй хүн нэмэгдэж ирсэн талаар мэдээлэл алга. Эмчлүүлж буй өвчтөнүүдийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Шинжилгээний хариу гарахаар шалтгаан нь тодорхой болно.

-Шинжилгээний хариу гартал тус салбарын үйл ажиллагааг зогсоосон уу?

-Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн шалгалтын бүрэлдэхүүн тус салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байгаа. Хариу яаж гарахаас шалтгаалан дараагийн авах арга хэмжээг шийдвэрлэнэ.

Зураг