Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Эрүүдэн шүүсэн асуудлаар гурван хүнийг хорьж, шалгаж байна. Цаашдаа нэмэгдэх байх

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт ял шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах тухай асуудлыг өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд гаргасан билээ. Түүний гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулж, Засгийн газарт чиглэл өгөх хууль зүйн үндэслэл байхгүй учир өөрчлөх саналыг зарим гишүүн гаргасан. Ингэснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул тэдний эрхийг хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгох санал дэмжигдсэн юм. 

Уг асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаж суллах болон эрүүдэн шүүсэн гэх хэргийг шалгах явцын талаар тодрууллаа.  

ХДЗХ-ийн сайд Ц.Нямдорж "Цагдаа дээр эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэсэн хоёр хэрэг шалгагдаж байгаа. Хуулиараа прокурор шинэ нөхцөл байдлын дүгнэлт гэж бичдэг юм. Тэрийг бичих байх. Тэгээд Улсын дээд шүүхээр орно. Шүүх дээр гурван асуудал хэлэлцэгдэх байх. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн асуудал. Хоёрдугаарт, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн асуудал. Гуравдугаарт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хэрхэн вэ гэдэг асуудал. Ийм л процедураар цааш явна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг шүүхээр л шийднэ.  

Тэднийг сулласны дараа хэлмэгдэж, хилсээр шийтгэгдсэн бол хохирол нөхөн төлөх асуудал яригдана. Гэхдээ төлж чадахгүй юм гэж бий. Тэдгээр хүмүүсийн амьдарлын дөрвөн жилд учирсан гай зовлонг ямар ч үнээр төлж чадахүй. Зөвхөн 2-3 хүн хохирч байгаа асуудал биш цаана нь үр хүүхэд, эцэг эх, удам сударт нь муу нэр үлдэж байна.  

Харин захиалагчийн асуудал тагнуул дээр шалгагдаж байгаа.

Б.Булганыг 10 сар хориод, сулласан. Яалт ч үгүй цорын ганц гэрч нь Б.Булган байсан. Одоо гэрч биш, хохирогч биш болчихсон. Ертөнцийн түүхэнд байгаагүй сонин байдалд байна. Хэрэг гарахад хажууд нь байсан цорын ганц амьд гэрчийг оролцуулахгүй шүүх хурал хийнэ гэж хайшаа харсан юм байдаг юм. Хамгийн гол нь Б.Булганы хэлж зуруулсан гэх зургаар Б.Содномдаржаа нарыг шийтгэсэн. Зургийг нь хэлж зуруулсан хүнийг шүүх хурал дээр байцаах ёстой биз дээ. Тэгээд юу ч биш болгоод хаячихсан. 

Ямар ч байсан эрүүдэн шүүсэн гэдэг бол тодорхой болсон. Өдрөөс өдөрт шинэ юмнууд гарч ирж байгаа. 

Эрүүдэн шүүсэн хэрэгт яг өнөөдрийн байдлаар гурван хүн хоригдож, шалгагдаж байна. Цаашдаа нэмэгдэх байх. Хариуцлагад татагдах хүмүүс нэмэгдэнэ" гэлээ.