Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Мягмар, Бямба гарагт хамгийн олон хүн эрүүлжүүлэгддэг

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Дэлхийн 189 орныг хамруулсан согтууруулах ундааны хэрэглээний судалгааг Германы эрдэмтэд гүйцэтгэж өчигдөр танилцуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсын хүн амын архины хэрэглээ болон түүний нөлөөллийн талаарх томоохон судалгааг Үндэсний статистикийн хороо хийсэн байна.  
 

Гэр бүлийн хүчирхийлэл:

 ҮСХ-ноос 2017 онд улсын хэмжээнд зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнгээр бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс (судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 29.7 хувь) хүчирхийллийн шалтгааныг асуухад 62.2 хувь нь нөхөр/хамтрагч нь архи ууж, согтуу байсан нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн гэж хариулжээ. 

Гэмт хэрэг:

Дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны нийлүүлэлтийн хэмжээ 2013 онд хамгийн өндөр байх үед согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мөн өндөр, бүртгэгдсэн гэмт хэргийн 12.4 (4,012) хувийг эзэлж байжээ. 

Зураг 3. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо, гэмт хэргийн байдлаар, 2007-2017 он

 

Зам тээврийн осол:

Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 793 зам тээврийн осол гарсны 41% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Жолоочийн буруугаас шалтгаалсан ослын 2.2 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдсэн бол явган зорчигчийн буруутай үйлдлээс бүртгэгдсэн ослын 32.9 хувийг явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос осол гаржээ. 

Албадан эрүүлжүүлэгдсэн хүмүүс:

Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдсэнээр албадан эрүүлжүүлсэн хүмүүс (давхардсан тоогоор) 2010 онд 109.8 мянга, 2013 онд 123.5 мянга (энэ үед дотоодын зах зээл дэх нийлүүлэлт өндөр байсан) 2018 онд 85.8 мянга байна. Насанд хүрсэн (18, түүнээс дээш) 1000 хүн тутамд ногдох эрүүлжүүлсэн хүний (давхардсан) тоо 2010 онд 59, 2013 онд 62, 2018 онд 41 болжээ.

Зураг 4. Албадан эрүүлжүүлэгдсэн хүний тоо, насны бүлгээр, 2018 он

 

Эндээс нэг хоногт эрүүлжүүлсэн тохиолдлыг тооцвол, 2013 онд 338 байсан бол 2018 онд 235 болон буурчээ. Нийслэл хотод 2013 онд 67.7 мянган эрүүлжүүлэх тохиолдол бүртгэгдсэн бол 2018 онд 56.1 мянга болжээ. 

Зураг 5. Нийслэлийг оруулахгүйгээр бусад аймгийг зэрэгцүүлэхэд хамгийн бага нь Говь-Алтай (306 хүн), хамгийн их нь Дархан-Уул (4.2 мянга) аймаг байна. 

 

Зураг 6. Нийслэлд эрүүлжүүлэгдсэн хүмүүс ихэнх нь буюу 78.4 % нь гэр хороололд амьдардаг байна.

 

2018 онд эрүүлжүүлэгдсэн 81.2 мянган хүний мэдээллээс онцлох баримтуудыг тоочвол:

  • Эрүүлжүүлэгдсэн хүмүүс 15 ба түүнээс дээш насны хүн амын 3.7%-ийг эзэлж байна.
  •  92.5 хувь (75.1 мянга) нь эрэгтэй, 7.5 хувь (6.1 мянга) нь эмэгтэй, насны бүлгээр авч үзвэл, 25-39 насныхан хамгийн их буюу 52.9 хувийг эзэлж байна. Мөн 15 хүртэлх насны 5 хүүхэд эрүүлжүүлэгджээ. 
  •  Эрүүлжүүлэгдсэн нийт хүний 55.0 хувь нь гэр, орон сууцнаас, 33.5 хувь нь гудамж, талбайгаас хүргэгдэж ирдэг бол 4.2 хувь нь бар, цэнгээний газраас хүргэгдсэн байна. 
  •  Албадан эрүүлжүүлэгдэхээр ирж байгаа 10 хүн тутмын 8 нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 1 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон
  •  Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 5.8 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байжээ
  •  Албадан эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 76.1 хувь нь бүрэн дунд, 12.9 хувь нь бүрэн бус дунд, 4.5 хувь нь дээд, 2.1 хувь нь бага боловсролтой, 1 хувь нь боловсролгүй байна 
  •  Ажил эрхлэлт, нийгмийн байдлыг авч үзэхэд 80.8 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 6.3 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 1.4 хувь нь төрийн албан хаагчид байна. 
  •  Долоо хоногийн гарагийн хувьд Мягмар (12,028 хүн) болон Бямбад (11,859 хүн) хамгийн их хүн эрүүлжүүлэгдсэн байна
  •  Аравдугаар сард 7,715 хүн эрүүлжүүлэгдсэн нь хамгийн их, наймдугаар сард 5,909, есдүгээр сард 5,913 байгаа нь хамгийн байна.

Эдгээр тоо баримт, тэр дундаа нийт албадан эрүүлжүүлэгдсэн хүний 55 хувь нь гэр, орон сууцнаас ирснээс үзэхэд архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ гэмт хэрэг, зөрчил түүний дотор гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил үйлдэгдэх нэг суурь шалтгаан, хүчин зүйл болж байгааг харуулж байна. Тиймээс тодорхой зохицуулалт шаардлагатай хэмээн ҮСХ дүгнэжээ. Тухайлбал,

Үнэ болон эдийн засгийн зохицуулалт, хязгаарлалт:

  • 1990-ээд оноос өмнө архины үнэ дунджаар литр нь 74 төгрөг (1987 он) байгаа нь өргөн хэрэглээний бараа болох талхны үнээс даруй 43 дахин өндөр, өөрөөр хэлбэл, үнийг өндөр тогтоож, хэрэглээнд нөлөөлдөг байсан байна. Тиймээс дотоодын зах зээлд борлуулах үнийг татвар нэмэгдүүлэх замаар өсгөх арга хэмжээг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх 

Хэрэглээнд нөлөөлөх хязгаарлалт: 

  • Согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх зөвшөөрөлтэй цэгүүдийг нэгдсэн стандарттай, цэгцтэй болгох. 
  • Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх үйлчилгээний цагийн хязгаарлалтыг нэмэх, хяналтыг сайжруулах. 
  • Албадан эрүүлжүүлэхийн хоногийн төлбөрийг үнийн өсөлттэй уялдуулан тогтоодог байх (2007онд эрүүлжүүлэх байрны хоногийн төлбөр 4,150 гэж тогтоогдсон өнөөг хүртэл хэвээр байна). 

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр гарах эрүүл мэнд, нийгэмд гарах сөрөг нөлөөний талаар олон нийтэд таниулах: 

  • Эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг сайжруулах, албадан эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийг эрүүл мэндийн сургалтад хамруулах, нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлэх ажлыг хэвшил болгон сайжруулах. 
  • Хүн амын насны онцлогтой уялдуулсан архи хэтрүүлэн хэрэглэснээс гарах эрүүл мэндийн сөрөг нөлөөний талаар болон архины хэрэглээг зохистой байлгах талаар мэдлэг, мэдээлэл олгоход боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний бүх үе шатуудад нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх гэсэн хувилбар дэвшүүлжээ.  

Бусад улс орны хувьд архины зохистой хэрэглээг дэмжиж сөрөг нөлөөллийг бууруулахын тулд 

  • Согтууруулах ундааны маркетинг, сурталчилгаа болон борлуулалтыг хуулиар зохицуулах (ялангуяа залуучуудад чиглэсэн); 
  • Согтууруулах ундаа худалдан авах боломжийг хязгаарлах, зохицуулах; 
  • Согтуугаар жолоо барихыг хориглох бодлого хэрэгжүүлэх; 
  • Үнэ болон татварын механизмаар дамжуулан эрэлтийг бууруулах; 
  • Олон нийтэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөөг таниулах, мэдлэг олгох үр дүнтэй бодлогыг дэмжих; 
  • Архинаас хамааралтай хүмүүст хүртээмжтэй, үр дүнтэй эмчилгээг хүргэх; 
  • Архи хэтрүүлэн хэрэглэх явдлыг хянах бодлого, хөтөлбөрийг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зэрэг олон талт арга хэмжээ авч байна.


 Согтууруулах ундаа бол хүн төрөлхтний дунд олон зуун жилийн турш, өргөн хэрэглэгдэж ирсэн хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис.