Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ 100% цахилгаан автомашиныг үнэгүй цэнэглэнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ байгууллагын дотоод хэрэгцээндээ цахилгаан хөдөлгүүрт автомашин ашиглаж эхэлжээ.

Цахилгаан автомашин ашиглаж эхэлснээс хойших хагас жилийн хугацаанд 600 орчим литр шатахуун буюу ойролцоогоор 1.2 сая төгрөгийн зардал хэмнэсэн байна.

Монгол Улсад хамгийн анхны Олон Улсын стандартад нийцсэн нарны зайн дээвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх хоёр зогсоолыг ашиглалтад оруулаад байгаа аж. Уг зогсоолын ажиллах зарчмын хувьд нарны зайн дэлгэцээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн эрчим хүчээр цахилгаан автомашин цэнэглэх ба эрчим хүч дутсан үед төвийн эрчим хүчнээс авч ажиллах зориулалт бүхий 3-4 цагт цэнэглэж дүүргэх хүчин чадалтай хийгджээ.

Одоогийн байдлаар цахилгаан автомашин цэнэглэх зогсоолд өөрсдийн машиныг цэнэглэхээс гадна цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль экологид ээлтэй технологийг олон нийтийн хүртээл болгох үүднээс цахилгаан автомашин эзэмшигчдэд машинаа туршилтын хугацаанд үнэ төлбөргүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь өөрсдийн үйлдвэрлэсэн 55 ватт чадалтай нарны дэлгэцүүдээр 18.3кВт-ын нарны цахилгаан станц суурилуулж, байгууллагын цахилгаан эрчим хүчний дотоод хэрэгцээний 60 хүртэлх хувийг хангаж байгаа юм. Цаашид энэ ондоо багтаан 10-15кВт-аар өргөтгөж, байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар тус нарны цахилгаан станц нь сарын хугацаанд 2,400кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгууллагын дотоод хэрэгцээнд нийлүүлснээр ойролцоогоор 345,000 төгрөгийн бодит хэмнэлт гаргасан байна.

 

 

Эх сурвалж: “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ