Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Пусанд сурч буй монгол хүүхдүүд Солонгосын томоохон үйлдвэр, компаниудад дадлага хийх боломжтой"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN

БНСУ-ын №1 улсын их сургууль болох Пусан хотын их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирал Ёонхү Чотой уулзаж ярилцлаа. Тэрбээр “Улаанбаатар Эмпати” сургуулиас элсэгчид авах ажлыг зохион байгуулахаар Монголд ирээд буй юм. 


 
Гэрэл зургийг MPA.mn

-Пусан хотын их сургууль Монгол Улсын боловсролын байгууллагуудтай хэзээнээс хамтран ажиллаж байна вэ? Энэ удаагийн ирсэн зорилгынхоо талаар ярихгүй юу?

-Манай сургууль 57 улсын 493 сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд Бусан хотын их сургуульд дэлхийн 85 орны оюутан суралцдаг. Энэ бол маш том тоо. Үүний нэг нь Монгол Улс. Бид Монгол Улсаас “Улаанбаатар Эмпати” сургуультай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Учир нь тус сургууль чанартай сурагчид бэлтгэдэг бөгөөд Монголоос очсон сурагчид амжилттай сурч байгаа тул бид элсэлтээ үргэлжлүүлэхээр ийнхүү дахин ирж байгаа юм. 

Энэ удаагийн зорилго нь мэдээж чанартай, сайн сурагчдыг шалгаруулж, тэтгэлэгтэй суралцуулахаар ирсэн. Пусан хотын их сургууль Солонгосын топ сургуулиудын нэг учраас орон орны шилдэг сурагчдыг суралцуулах сонирхолтой байдаг. 

-Нийт хэчнээн сурагч элсүүлэх вэ? 

-Өнгөрсөн жил 40 орчим мянган хүүхэд улсын хэмжээнд суралцаж төгссөн бол энэ жил 6 мянга орчим хүүхэд л төгсөж байгаа гэж ойлгосон. Боловсролын яамны хэрэгжүүлсэн бодлогоор Монголын боловсролын систем 12 жилийн сургалттай болсон ба тухайн үед анги дэвшүүлсэн шилжилтийн нөлөөгөөр энэ жил цөөхөн хүүхдүүд төгсөж байгаан байна. 

Бид Монгол Улсад хайртай, монгол сурагчдыг үнэлдэг. Тиймээс заавал тэдэн хүүхэд гэж хязгаарлахгүй, сурагчид хүсээд шалгалтаа амжилттай өгч, шаардлага хангавал хэдэн ч хүүхэд сургах сонирхолтой байгаа. Монгол Улсаас бид зөвхөн “Эмпати” сургуулийн сурагчдыг элсүүлэн авч байгаа. Тэнд сурч байгаа монгол сурагчид хамтын ажиллагааг бататгаж байгаа учраас.

 
`Улаанбаатар Эмпати` сургууль

-Пусан хотын их сургууль монгол сурагчдад ямар боломж олгох вэ. Тэтгэлгийн хувьд ямар байх вэ?

-Пусан хотын их сургууль бол Солонгосын Үндэсний сургууль. Тэр утгаараа Засгийн газраас тодорхой хэмжээгээр санхүүжиж, бусад их, дээд сургуультай харьцуулахад хоёр дахин бага төлбөртэйгөөр маш чанартай боловсрол олгодог. Энэ нь гадаадын бусад орны сурагчдын хувьд төлбөрөө бүрэн төлөөд сурсан ч тэтгэлгээр сурч байгаагаас ялгаагүй хөнгөлөлттэй байдаг гэсэн үг. 

Монгол сурагчдын хувьд хүүхэд бүр өөр өөрийн амжилтаас хамааран тэтгэлэг хүртэнэ. Голч оноо өндөр, шалгалтуудаа амжилттай өгөөд явбал тэтгэлгийн хэмжээгээ ахиулах боломжтой. Нөгөө талаар тухайн сурагч байнгын идэвх чармайлт сайтай байж, сайн суралцаж, амжилтаа хадгалснаар тэтгэлгээ эдэлнэ. Харин сурлагадаа муудаж, амжилт буурвал тэтгэлэг дагаад буурдаг системтэй. 

-Сургуулийнхаа талаар та ярихгүй юу. Яагаад монгол сурагчид Пусан хотын их сургуулийг сонгох ёстой вэ?

-Дэлхийн 50 орны сурагчийг хамруулна гэдэг маш өндөр үзүүлэлт. Харин манай сургууль 85 орны оюутныг хамруулдаг нь Пусаны их сургуулийн амжилтыг харуулах болов уу. 

Манай сургууль 230 мянган төгсөгчтэй, одоогоор 175 мянган оюутан суралцаж байна. Мастерын 50,000, доктор, профессорын 10,000 оюутан байна. Манай төгсөгчид Солонгосын томоохон корпорациудад удирдах албан тушаал хашдаг бөгөөд төгсөгчдийн амжилтаараа БНСУ-д хоёрдугаарт эрэмбэлэгддэг. 

Хэдийгээр манайх англи хэлтэй орон биш ч барууны боловсролтой өрсөлдөхүйц хөтөлбөртэй гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Учир нь би АНУ-д докторын зэрэг хамгаалсан. Гэтэл би Солонгост бакалаврын зэргээр сурч байсан шиг тэр шалгуур, ширүүн өрсөлдөөнийг Америкт мэдрээгүй. Солонгосын сургуулиудын сургалтын чанар яах аргагүй дэлхийд өрсөлдөж байгаа. 

-Монгол сурагчдыг ямар мэргэжлээр түлхүү сургах вэ?

-Хүүхдүүд хүссэн чиглэлээрээ тэтгэлгээр суралцах боломжтой. Одоогоор хот төлөвлөлтийн инженер, барилгын инженер, химийн инженер гэх мэт ерөнхийдөө инженерийн чиглэлээр хүүхдүүд элсэн суралцахаар бүртгүүлсэн байгаа. 

Миний хувийн бодол бол улс орон болгонд хөгжихийн тулд бодлого хэрэгтэй. Монгол Улс хурдтай хөгжиж буй орнуудын нэг бөгөөд илүү хөгжиж, техник, технологи, дэлхийн хөгжилтэй хөл нийлэхийн тулд илүү олон, чанартай инженер хэрэгтэй. Тиймээс Монголын шилдэг хүүхдүүдийг инженерээр суралцахад манай Пусан хотын их сургууль хөрөнгө оруулах үүднээс инженерийн чиглэлд илүүтэйгээр тэтгэлэг олгож байгаа. 

Инженерээр сурахад Пусан хот оюутнуудад үнэхээр давуу талтай. Яагаад гэвэл Пусан бол аж үйлдвэрийн хот. Тэнд Солонгосын олон компани, үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Пусанд сурч байгаа монгол хүүхдүүд сурахынхаа зэрэгцээ Солонгосын томоохон үйлдвэр, компаниудад дадлага хийх боломж хүртэл нээгддэг. Манай сургуулийн хувьд энэ чиглэлээр олон хөтөлбөр, программ хөгжсөн тул инежерээр сурах хүүхдүүдийн хувьд азтай гэж боддог. 

-Өмнө нь суралцахаар очсон монгол сурагчид хэр үр дүнтэй суралцаж байна вэ?

-Мэдээж амжилт бүр тухайн суралцагчаас бүрэн шалтгаална. Бие даах чадвар, бусадтай харилцах чадвар, мэрийлтээс эхлээд. Гэхдээ монгол сурагчид маань үнэхээр үр дүнтэй, сайн байгаа учраас бид дахин дахин ирж сурагчид элсүүлж байгаа. Монгол сурагчид манай сургуулийн тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдсанаар өнгө  нэмж байгаа. Соёлын хүрээнд ч тэр, харилцааны хувьд ч шинэ өнгө нэмж буй. 

Манай хоёр улс хэдийгээр газар зүйн хувьд ойрхон боловч орчин үеийн түүхийн хувьд Монгол-Солонгосын хамтын ажиллагааны түүх байдаггүй. Тиймээс манай хоёр сургуулийн хамтын ажиллагаа нь хоёр улсын соёлыг хөгжүүлэх харилцааны шинэ түүх бичилцэхэд том хувь нэмэр болж байгаа гэж үзэж байна. Тиймээс цаашид харилцаагаа илүү өргөжүүлэхээр төлөвлөж байгаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.