Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Аэрофлот компани Сухой Супержэт 100 онгоцнуудаа зогсоож эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Сухой Супержэт 100 загварын нисэх онгоц осолдож, 41 хүний амийг хөнөөсний дараа ийм загварын нисэх онгоцнуудаа ОХУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлот компани зогсоож эхэлжээ.

Лхагва гарагт техникийн шалтгаанаар Минск чиглэлийн гурван нислэг хойшилсон бол Донын Ростов хот руу нисэх онгоцонд гэмтэл илэрсэн шалтгаанаар цуцалж, оронд нь Боинг онгоц нисгэсэн байна.

Мягмар гарагт Москвагаас Рига хотын чиглэлд нисэх байсан Супержэт онгоцноос утаа үнэртэж байгааг зорчигчид гомдоллож, онгоцоо солихыг шаарджээ. Үүний улмаас нислэг гурван цагаар саатсан байна.

Өчигдөр Москвагаас Самара, Нижний Новгород, Шведийн Готеборг хотууд руу нисэх байсан Супержэтийн нислэгүүдийг мөн цуцалжээ.

Өчигдөр оройн байдлаар Шереметьево нисэх буудалд Супержэт онгоцны нийт 11 нислэгийн зарим нь хойшлогдож, зарим нь цуцлагдсан байна.

Мэргэжилтнүүд Ням гарагт Москвагаас Мурманск чиглэлд ниссэн онгоцонд яагаад осол гарсныг шалгаж байгаа юм.

Нисгэгчдийн нэг болон өөр хэд хэдэн зорчигч Супержэт онгоцыг агаарт нисэж явахдаа аянганд ниргүүлснийг гэрчилж байна. Аэрофлот компани Боинг, Айрбус үйлдвэрийн нисэх онгоцнуудыг үйлчилгээндээ голдуу ашигладаг ч Сухой Супержэт 100 загварын 50 ширхэг онгоцыг ашигласаар байгаа юм.

ОХУ-ын төрийн өмчит компанид үйлдвэрлэгдсэн Сухой Супержэт 100 агаарын хөлөг 2011 онд анх зах зээлд гарснаасаа хойш техникийн асуудал байнга дагуулсаар байгаа.

Сүүлд гарсан ослын дараа ОХУ-ын зам тээврийн сайд Евгений Дитрих уг онгоцыг нислэгт ашиглахыг хориглох шалтгаан одоогоор байхгүй гэж мэдэгдсэн юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков онгоцыг газардуулах асуудлыг мэргэжлийн байгууллагууд шийдэх ёстой гэсэн хариуг өгсөн байна.

 

Эх сурвалж: AFP