Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Уураг тархи, удамших гентэй нь залгидаг ХАР ТАХЛААС ЗАЛУУСАА ХАМГААЛЪЯ

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үргэлж өсөн нэмэгдэх хандлагатай гэмт хэргийн эгнээд хар тамхи гэх аюулт хор хүч түрэн орж ирснийг албаныхан хэлж байна. Нэр төрөл нь ч олширч байгаагаас гадна хэрэглэгчийн гарт очиж байгаа зам мөр, Монгол Улсын хил гаалиар оруулахаар завдаж буй арга, хэлбэр нь ч нарийссан гэнэ.

2000-аад оноос л сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэл яригдаж эхэлснээс хойш 20-иод жилийн хугацаанд дэлхий дээр ч Монгол Улсад ч хэрэглэгчийн тоо өссөөр байгаа нь өсвөр үе, залуус руу чиглэсэн хараа, хяналт, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа төр бодлогоор эрчимжүүлэх шаардлагатай болсныг сануулах шиг. Мэдээж энэ хугацаанд хэвлэл мэдээллийнхэн ч, хууль, хүчнийхэн ч зүгээр суусангүй. Энэ төрлийн мэргэшсэн сэтгүүлчид хаалга тогшсон хар тамхи хойморт гараад тухалчихсан байгааг нийтлэл бүхнээрээ “хашхирч” эхэлсэн бол ЦЕГ-аас Хар тамхитай тэмцэх газар байгуулж энэ чиглэлээр цагдааг мэргэшүүлэн ажиллаж байна. Өчигдөр л гэхэд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо сэдвээр уулзалт зохион байгууллаа.

 

Хүн төрөлхтний хар тахал болсон хар тамхины хор уршгийн талаар хэвлэл мэдээлэл, тодорхой тооны цагдаа нар тэмцээд хүчин мөхөсдөж байгаа тул соёлын үр тарьж буй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн бүр гар бие оролцож, дуу хоолойгоо өргөж, бодит нөлөөллийн ажил хийх хэрэгтэйг энэ цаг үед илэрч буй хэргүүд харуулж байна гэдгийг энд онцоллоо.

Нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээж буй кино үзвэрийн газруудаас эхлээд телевизийн контент бэлтгэгчид кино, рекламууддаа цензуртэй хандахгүй бол хар тамхитай холбоотой бүхнийг ширхэгчлэн үйл явдлаар харуулсан, хар тамхи, мансуурлын явцыг магтан дуулсан, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон урлагийнхныг алдаршуулан сурталчилгаанд тоглуулсан гэх мэт үзэгдэл гарсаар байгаа нь гэмт хэргийн гаралтад тодорхой нөлөөлж байна гэж хардахад буруутахгүй биз ээ.

Ингэж хардах хэд хэдэн шалтгаан байна. Статистик мэдээллээс харахад л, Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2018 онд 199 тохиолдол бүртгэгдсэн бол 412 хүн холбогджээ. Он гарсаар буюу 2019 оны таван сарын байдлаар гэхэд л хар тамхитай холбоотой 72 хэрэг гарч 141 хүн холбогдсон байгаа нь аюул биш гэж үү.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 6-ны өдөр “гашиш” гэх нэршилтэй гурван кг орчим сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлсэн байна. Ингэхдээ Испани улсаас олон улсын шуудан илгээмжээр явуулсныг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмжөөр ирлүүлжээ. Айдас, болгоомж хаана ч хэрэгтэй байгаагийн нэг бодит жишээг албаныхан онцолсон нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын нас, хүйсийн байдал өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа гэнэ. Тухайлбал, 2016 онд 177, 2017 онд 229, 2018 онд 327 эрэгтэй хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдсон бол 2016 онд 47, 2017 онд 46, 2018 онд 75 эмэгтэй энэ төрлийн гэмт хэрэгт холбогджээ. Насны хувьд өнгөрөгч оны байдлаар 26-35 насныхан нийт гэмт хэргийн гаралтын 44 хувьд холбогдсон бол 19-25 насныхан 38 хувийг эзэлсэн нь яах аргагүй аюулын харанга дэлдэж байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАА ХАМГААЛЪЯ

Хэний ч үр хүүхэд ялгаагүй эрхэм. Зовлон, жаргал, муу, сайн гэдгийг туулсан, үзсэн харсан бүхнээрээ ялгах чадамжгүй дөнгөж л ургаж яваа өсвөр насны охид, залуусаа хамгаалъя. Нэгэнт хэрэгт холбогдчихсон, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, тээвэрлэсэн, бусдад зарж борлуулсан байдлаар буруутгагдсан залуусын арми дээр өсвөр насны хүүхдүүдээ нэмэхгүй байя.

Хүүхдээ буруу зам руу халтирах вий дээ гэх айдас эцэг, эх бүрт байх ёстой. Учир нь хэн нэгэнд хууртагдаж, ямар нэг шинэ зүйлийг туршиж үзэх гэсэн хүүхдийн далд хүсэл мөрөөдөлд эцэг эхийн хайр, анхаарлаас өөр ойртож чадах зүйл үгүй. Ямар сайндаа л дэлхийд 15-64 насны 275 сая хар тамхи хэрэглэгч байгааг НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албаны өнгөрөгч оны тайланд дурджээ. Хэний ч хүүхэд нэрвэгдэж болох энэ аюулд өртөж болох зорилтот бүлэг нь өсвөр насныхан. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулиуд руу чиглэсэн соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх хэрэгцээ байгааг энд тодотгоё. Мэдээж мэргэжлийнхэн мэр сэр энэхүү сургалт, сурталчилгааг хийдэг ч давтамж нь хол, тодорхой асуултын хүрээнд судалгаа авахаас хэтэрдэггүй гэх мэтээс болж үр дүн нь харилцан адилгүй байдаг аж.

Хамгийн сонирхолтой нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдогчийн нийгмийн байдлынх нь судалгаанаас сонирхуулахад, хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бодисын гол хэрэглэгчид нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна гэсэн судалгаа гарчээ. 2018 оны байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийн 184 нь ажилгүй иргэн байсан бол дөрөв нь төрийн албан хаагч 53 нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, 64 нь оюутан, ес нь сурагч байжээ.

МОНГОЛ УЛСАД ЭНЭ ТӨРЛИЙН БОДИС ҮНЭТЭЙ БАЙГАА НЬ БОРЛУУЛАЛТЫН ЗАХ ЗЭЭЛ БОЛЖ БАЙНА

ICE буюу мөс. Энэ төрлийн бодисын хэрэглээ улам бүр хүрээгээ тэлж байгаа нь айдас төрүүлж байгаа нь нууц биш. Тэр хэрээрээ үнийн хувьд Монгол Улсад хамгийн өндөр ханшаар борлуулагддаг нь гадныхны манайхыг онилох хамгийн том шалтгаан болж байгаа аж. Тухайлбал, Мексикт 20 ам.доллараар зарагддаг бодис нэг грамм нь манайд нэг сая төгрөгөөр борлуулагддаг байх жишээтэй. Бусдад зарж борлуулах зорилготой харийнханд энэ нь хар тамхи худалдан борлуулах таатай зах зээл болдог байна.

Дарин дээр давс гэгчээр үүн дээр нь нэмээд манай улсын энэ төрлийн гэмт хэрэгтэнд ногдуулдаг хууль эрх зүйн орчин, ялын бодлого нь хэт сул байгаа нь Монголыг хар тамхины худалдан борлуулах гол бүс болгож байна. Тухайлбал, манай урд хөрш БНХАУ-д гэхэд л хар тамхины хэрэгт цаазаар авах ял оногдуулдаг бол ОХУ-д бүх насаар нь хорьдог байна. Харин манай улсын хувьд 5-8 жилээр хорих ялаар шийтгэдэг байна. Гэхдээ гэмт хэргийнхээ нөхцөл шалтгаанаас хамаараад 10-20 жил хорих заалттай аж. Хар тамхи тээвэрлэсэн, хэрэглэсэн, бусдад худалдан борлуулахыг завдсан гэх мэт олон нөхцөл шалтгаанаас хамаараад сэтгэц наркологийн эмнэлэгт ч эмчлүүлэх байдлаар хэрэгтний толгойг илдэг нь энэ төрлийн гэмт хэрэгт залуус холбогдоод байгаагийн бас л нэг шалтгаан мөн.

Өнгөрөгч оны байдлаар манай улсын 122 иргэн БНХАУ-д энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаа бол ОХУ-д найман иргэн шийтгүүлсэн байна. Иргэнээ хамгаалж байж төр улсын үндэсний аюулгүй байдал дархан оршино гэж бодном. Хүнийг уураг тархи, зүрх сэтгэл, удамших гентэй нь залгиж орхидог хар тахлын сүүдрээс охид залуусаа л хамгаалъя.

Зураг