Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Британий ханхүү Харригийн шинээр мэндэлсэн хүүд Арчи Харрисон хэмээх нэрийг өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Британий ханхүү Харри, түүний гэргий Меган нар өчигдөр шинээр мэндэлсэн хүүгээ анх удаа хэвлэлийнхэнд үзүүлж, нэрийг нь Инстаграм хуудсандаа зарлажээ.

Хатан хаан Элизабет, түүний нөхөр ханхүү Филип, Меганы ээж Дориа Раглэнд нарт хүүгээ үзүүлж буй гэрэл зургийг сошиал хуудсандаа нийтлээд тайлбар хэсэгт нэрийг нь Арчи Харрисон Маунтбаттен-Уиндсор гэж зарласан байна.

Өчигдөр хосууд жилийн өмнө хуримаа хийж байсан Уиндсорын шилтгээний сүмд цугларсан цөөн тооны сэтгүүлчдэд шинээр мэндэлсэн хүүгээ танилцуулжээ.

Британий хаан ширээг залгамжлах хүмүүсийн долдугаарт бичигдэж байгаа Арчи хүү Даваа гарагийн өглөө эрт 3.26 кг жинтэй мэндэлсэн юм. АНУ-ын иргэн, жүжигчин Меган Мэркл ханхүүгийн гэргий болсноор Британий хатан хааны гэр бүлийн амьдрал дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг улам их татах болсон.

Мөн Британий язгууртны гэр бүлд өнгөт арьстай хүүхэд мэндэлж байгаа нь ховор тохиолдол юм. Зарим түүхчид Арчиг Британий язгууртнуудын гэр бүлийн сүүлийн 300 жилийн түүхэнд анх удаа Африк ген авч ирсэн хүүхэд гэж дүгнэж байна.

Гэхдээ шинэ хүү төрмөгцөө шууд ханхүү болохгүй, ханхүү болгох эсэхийг хатан хаан зарлигаар шийдэх ажээ. Үүнээс гадна Арчи нь АНУ, Их Британий давхар иргэншилтэй хүүхэд болж байгаагаараа онцлог юм. Арчи нь Британид мэндэлсэн хөвгүүдэд өгдөг хамгийн түгээмэл 20 нэрний нэг ажээ.

 

Эх сурвалж: Reuters