Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий даяар согтууруулах ундааны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн 189 орныг хамруулсан согтууруулах ундааны хэрэглээний судалгааг Германы эрдэмтэд гүйцэтгэж, үр дүнг нь өчигдөр танилцуулжээ.

Судалгааны үр дүнгээс харвал хүн төрөлхтний спиртийн хэрэглээ тасралтгүй нэмэгдэх төлөвтэй байна. Сүүлийн 27 жилийн хугацаанд дэлхий нийтийн хэрэглээ жил бүр 70 хувиар өсөж, 1990 онд 20 тэрбум литр спирт хэрэглэдэг байсан бол 2017 онд 35 тэрбум литр болжээ.

Статистик мэдээлэл гарсан хамгийн сүүлийн жил болох 2017 онд дэлхийн насанд хүрсэн хүн бүрт жилд 6.4 литр спирт оногдсон байна.

Энэ нь насанд хүрсэн хүн бүр өдөрт 350 мл шар айраг, эсвэл 140 грамм дарс, эсвэл 40 грамм цагаан архи ууж байна гэсэн үг юм.

Согтууруулах ундааны хэрэглээ өнгөрсөн хугацаанд бага болон дунд орлоготой орнуудад нэмэгдсэн бол өндөр орлоготой орнуудад тогтвортой байжээ.

1990 оныг хүртэл өндөр орлоготой орнуудад, тэр дотроо Европт спиртийн хэрэглээ хамгийн өндөр байдаг байсан бол сүүлийн жилүүдэд Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг дунд орлоготой орнуудад эрчимтэй нэмэгдсэнийг судалгааг ахалсан Дрездений техникийн их сургуулийн профессор Якоб Мантей хэлж байна.

Нэг хүнд ноогдох архины хэрэглээ хамгийн бага бүс нутагт Умард Африк, Ойрх Дорнод оржээ. Харин Төв болон Зүүн Европын орнууд тэргүүлж байна.

Жишээ нь Европын хамгийн ядуу оронд тооцогддог Молдов улсын нэг хүнд ноогдох спиртийн хэмжээ 15 литр хүрсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ.

2030 онд дэлхийн насанд хүрсэн хүн амын тал орчим нь согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг болох бол 23 хувь нь сард ядаж нэг удаа хэтрүүлж уудаг болно гэсэн тооцоог хийсэн байна.

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь 200 гаруй өвчний үндэс болдог ажээ.

Тиймээс архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, хор уршгийг таниулан сурталчлах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг судлаачид зөвлөжээ.

 

Эх сурвалж: Associated Press