Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цолмон УИХ-ын даргын удаа дараагийн хүсэлтийн дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, түүний оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд Д.Хаянхярваа гишүүний хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонгийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг уншиж танилцуулав. Уг хүсэлтэд “Таниас тавьсан удаа дараагийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөгдөх хүсэлтээ гаргаж байна. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү“ гэжээ. 

Ц.Цолмонгийн чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хэлсэн юм. Тэрбээр “Стратеги төлөвлөгөө гэж 2002 онд баталсан баримт бичиг бий. Төрийн албаны шинэ хуулийн дагуу УИХ-ын Тамгын газрын ЕНБД-гаар ахлуулсан ажлын хэсэг стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах, гүйцэтгэлийн төлөвлөгөө болгон өөрчлөх шаардлага тавигдсан. Энэ асуудлаар хурал яваагүй учраас үүнийгээ явуул, ажлаа хий гэсэн асуудал тавьж байсан.   

Мөн дараа нь УИХ-ын Тамгын газрын техникийн саатлаас болж чуулганы хуралдаан саатсан. Тэр үед УИХ-ын гишүүд л хурууны хээгээ буруу дараад байгаа мөн хурууны хээ таних төхөөрөмж 600 сая төгрөгийн үнэтэй гэх мэт ташаа мэдээлэл тараагдаж, гишүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал үүсч байсан. Тиймээс үүнийгээ шийдвэрлэ гэдэг шаардлага, саналыг тавьж байсан. 

Их хурлын нэр хүндийг өөрчлөх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах ажлын шаардлага байгаа учраас Тамгын газрын чиглэлээр ажилласан илүү туршлагатай Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байгаа юм” гэсэн хариулт өгсөн юм. 

УИХ-ын даргын тайлбартай холбогдуулж Д.Хаянхярваа гишүүн дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Нэр дэвшиж байгаа хүний тухайд ярих юм байхгүй. Манай Тамгын газрын чадвартай хүмүүсийн нэг. Ц.Цолмонгийн тухайд ажлаа муу хийсэн гэж боддоггүй. Мэргэжлийн талаасаа ч танд гологдох юмгүй. 

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын бид хайрлах цаг болсон. Төрийн албан хаагчид өөрийн итгэл үнэмшилгүй болсон. Энэ нь хууль дүрэм харгалзахгүйгээр халж, өөрчилдгөөс болсон. Бүр болохгүй бол өргөдлийг нь аваад алга болгодог. Энэ бүхэн төрийн ажлын чадамжийг сулруулж байна. Бид ингэж болохгүй” гэсэн юм. 

Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. 

Санал хураалтаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонг чөлөөлөхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн түүний оронд Л.Өлзийсайханыг томилохыг ч гишүүдийн олонх дэмжсэн юм. 

УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ийг чөлөөлөх, томилох асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ. 


Нэр дэвшигч Л.Өлзийсайханы товч намтар 

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа.