Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Татвар төлөгчийн "Цэнхэр дэвтэр" хөтлөх шаардлагагүй болно

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Татварын албаны мэдээллийн системийг цогцоор нь шинэчилж буй. Тодруулбал, орчин үеийн технологийн шийдлээр шинээр боловсруулж, одоогийн алба бүрт байгаа татварын мэдээллийн санг нэгдсэн вэб хандалттай ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ (ТУНС)-д шилжүүлэх хүрээнд 2018 онд зарим дүүргийн татварын хэлтсүүдэд туршиж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 21-нээс 2019 оны гуравдугаар сарын 1-н хүртэл татварын бүх албадад хуучин программтай зэрэгцүүлэн ашиглаж байна.

2019 оны гуравдугаар сарын 1-ээс арилжааны 14 банк тус бүрт татварын орлогыг төвлөрүүлдэг 20-45 дансыг хааж, Төрийн санд төсвийн ангилал, татварын төрлөөр  татварын орлогын 5,137 дансыг нээж, татварын орлогын нэгдсэн дансны тогтолцоог хэрэгжүүлэн нэхэмжлэлд суурилсан татварын цахим төлөлтийн системийг иж бүрнээр нэвтрүүлжээ. Ингэснээр татвар төлөгч нь татварын албанд ирэхгүйгээр татварын үйлчилгээг цахимаар авах, татварын ил тод байдлыг хангах, татвар төлөгчийн өөрийн мэдээллийг бүрэн харах, хянах боломж бүрдэх юм.

ТУНС нь itax.mta.mn, e-tax.mta.mn, ebarimt.mn болон Монголбанк, арилжааны банк, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдон ажиллаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага татвар төлөгчөөр бүртгүүлэх, татварын төрлийн бүртгэлд бүртгүүлэх, татварын нэхэмжлэх харах үүсгэх, татварын өрийн үлдэгдлийг харах, хянах, иргэн нууц үг солих, татвар төлөгч мөн эсэхийг шалгах гэх мэт татвартай холбоотой бүх үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлж байна.

ТУНС-ийн үлдсэн модулийн хөгжүүлэлтийг 2019 оны зургадугаар 1-нээс хийж, шинээр батлагдсан татварын шинэ хууль, журам, зааврын дагуу нэмэлт хөгжүүлэлтийг аравдугаар сарын 1-н, системийн  туршилт сайжруулалтыг энэ оны эцэс гэхэд дуусгаж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр гурван сая гаруй иргэн татвар төлөгчийн дугаар буюу TIN ID-тэй болох юм. Улмаар одоогийнх шиг татвар төлөгчийн цэнхэр дэвтэр хөтлөх шаардлагагүй, өөрийн кодоор нэвтрээд татвартай холбоотой бүх мэдээллээ харах боломж бүрдэнэ.

Системийг нэвтрүүлсэн хугацаанд татвар төлөгчийн 140,920 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэн, 194 мянган татвар төлөгчийн 950.8 мянган  гүйлгээний 943 тэрбум төгрөгийн татварын орлогыг татварын системд тухай бүрт бүртгэсэн байна. Татвар төлөгчид 2018 оны жилийн эцсийн 779 мянга, 2019 оны 324.3 мянган тайланг цахимаар илгээжээ.

Мөн системд нэхэмжлэл үүсгэн улсын тэмдэгтийн хураамж төлөх нь иргэдэд хүндрэлтэй байсныг тогтмол нэхэмжлэлийн дугаараар шууд банканд төлж, иргэдэд зориулсан itax.mta.mn сайтыг хөгжүүлэн шинээр нэвтрүүлээд байна. 

Энэхүү систем бүрэн нэвтэрснээр татвар төлөгч нь татвар төлсөн тодорхойлолт, төв замын зөвшөөрөл, санал, гомдол гаргах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломж хангагдана.

Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх эхний шатанд нийт 24 модулиас татварын бүртгэл, тайлан боловсруулалт, татварын орлогын бүртгэл, татварын тооцоолол, өр барагдуулах зэрэг таван модулийг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглаж байна. Зөвхөн эдгээр таван модулийг нэвтрүүлснээр жилд 22.6 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэх тооцоо гаргажээ.