Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чимэд: Нарс модыг ойгоос хулгайлж ирээд тарьдаггүй юм

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод тарьсан нарс модны асуудлаар мэргэжилтнүүд болон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээлэл хийсэн иргэдийн төлөөллийн зүгээс ууланд ургаж байгаа нарс модыг Улаанбаатар хотод авчирч суулгах нь байгаль экологийн унаган тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа төдийгүй суулгасан моднууд нь эхнээсээ үхжиж байгаа тул нарс модыг ойгоос авчирч суулгахыг зогсоохыг хотын удирдлагуудаас хүссэн юм.

Харин уг асуудалтай холбогдуулан Хотын захирагчийн ажлын албаны Тохижилт ногоон байгууламжийн хэлтсээс холбогдох мэргэжилтнүүд нь ирж, нарс модтой холбоотой уг мэдээлэлд тайлбар хийсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Д.Энхсайхан “2009 онд хотод уулнаас 1,000 гаруй нарс модыг авчирч суулгасан. Харин 2013 онд мэргэжлийн байгууллагаас уг мод нь ургах боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан тул нарс моднуудыг нийтийн эзэмшлийн зам талбайгаас зайлуулсан түүхтэй. 

Нарс модыг олон улсад үржүүлгийн талбайд үржүүлж, бойжуулалтын талбайд шилжүүлж суулгаад, тэндээсээ нийтийн эзэмшлийн зам талбайд суулгадаг. Маш цөөн тохиолдолд уулнаас авчирч суулгадаг. Энэ тохиолдолд ургалт нь 15-20 хувьтай байдаг.

Тиймээс Улаанбаатар хотод тарих модны сонголтыг зөв хийх, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зүйлд зарцуулах үүднээс уулнаас мод авчирч булшилдгийг зогсоогооч. Энэ шийдвэрээ эргэж хараач гэж хотын удирдлагаас гуйж байна.

Хотод тарих модны сонголт олон байна. Тухайлбал, хайлаас, шар хуайс, агч, голт бор, монос, долоогоно зэрэг маш олон төрлийн мод байсаар байхад заавал эрсдэлтэй нарсыг суулгаж байгаа нь буруу. Улаанбаатар хотод ногоон байгууламж ихээр бий болгоход өөр зардал байгаатай арчилгаа багатай хэдэн зуун модны сонголт байсаар байхад заавал эрсдэлтэй модыг авч ирээд суулгаад байгаа нь ямар учиртай болохыг ойлгохгүй байна. Тарьсан нарс моднууд нь өөрсдийнхөө шимээр ихдээ л гэхэд хоёр жил ургадаг. Түүнээс цаашаа ургаж чаддаггүй хатдаг” гэв. 

2018 онд Улаанбаатар хотод 22 төрлийн 349,000  ширхэг мод тарьсан
 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Сүхбат “Монгол оронд нийт 150 гаруй зүйлийн мод бут бий. 2018 онд гэхэд Улаанбаатар хотод 22 төрлийн 349,000  ширхэг мод тарьсан. Үүний 10 хувьд нь буюу 3,710 ширхэг нарс мод тарьсан.

Гэтэл үүнийг улс төрөлжүүлэн олон нийтэд хотын бүх төсвөөр нарс модыг тариад, тарьсан мод нь үхээд, өөр мод тарихгүй байгаа мэт ташаа мэдээлэл өгч болохгүй. Хот тохижилтын газрын даргыг дөрвөн жил хийлээ гээд ойн инженер болчихдог юм биш. 

2008 онд тарьсан нарс моднуудаас нэг нь ч үхээгүй одоог хүртэл ургаж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын ерөнхий дендрологич доктор, профессор Б.Чимэд "2016 оноос хойш Улаанбаатар хотод 8,095 нарс модыг тарьж суулгасан байна. Нарс модыг ойгоос хулгайлж авч ирээд тарьдаггүй юм. Мэргэжлийн байгууллагатай нь хамтран зориулалтын дагуу ойгоос авч ирэн суулгадаг. Мөн хүссэн газраасаа очоод авдаггүй ба зайлшгүй авах ёстой ойгоос очиж авдаг. 

Мөн гурван жил болоод үхдэг мод биш гэдгийг миний бие баттай хэлж чадна. Би 2008 онд энэ салбарт ажиллаж байхад хотын захиргааны үүдэнд тарьсан нарс моднуудаас нэг нь ч үхээгүй одоог хүртэл ургаж байна. Жижиг модны том зовлон гэж байдаг. Бид өнөөдөр хямдхан жижиг мод ихээр тарьж болно. Гэхдээ жилд үзүүр дээрээ 1-3 см нэмэгдчихээд цааш ургалгүй хог болоод үлддэг. 

Хүчилтөрөгч ялгаруулж байгаа нарс модоор хотоо чимэх хэрэгтэй. Модоор улс төр хийгээд явж болохгүй. Би насаараа энэ салбарт ажилласан ойн инженер хүнийхээ хувьд баттай хэлж байна.