Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

6 настай Монгол хүү Японы Ибараки мужийн аварга болжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах 34 дүгээр тэмцээнд Монголын соробангийн холбооны дэргэдэх "Монгол соробан" сургалтын төвийн 6-13 насны 22 сурагч амжилттай оролцоод иржээ. Ибараки муж нь гурван сая хүн амтай бөгөөд оюун ухааны спорт болох соробангаар хичээллэгч хүүхдүүд нь Япондоо дээгүүрт ордог юм байна.

Энэ жилийн тэмцээнд зургаан насны ангилалд 22 хүүхэд оролцосноос хоёрдугаар ангиас доош насны ангилалд 6 настай Д.Үйлстөгөлдөр түрүүлж алтан медаль хүртжээ.

Мөн өөр өөрийн насны ангилалд Э.Энэрлэн, Т.Тулга, Г.Чинзориг, А.Ану, Э.Ану-Үжин нар II байрт, Г.Нандин-Эрдэнэ, В.Анужин, Б.Анужин, С.Сийлэг, Ш.Урангоо, Б.Энх-Үржин нар III байрт тус тус шалгарсан байна. 

 
 

Тэмцээнд амжилттай оролцсон баг долоодугаар сарын 30-нд Токио хотноо болох Бүх Японы соробангийн аварга шалгаруулах 38-р тэмцээнд оролцох аж.

"Монгол соробан" сургалтын төвийн сурагчдын соробангийн чадварын түвшин Япон хүүхдүүдийнхэд ойртож байгаа бөгөөд жил бүр 2-3 удаа болдог Соробангийн уран чадварын түвшин тогтоох Улсын шалгалтаар соробангийн тамирчдын түвшинг тогтоодог юм байна. Өнөөдрийн байдлаар Япон стандартын шалгуураар 10 гаруй хүүхэд ДАН зэрэглэлд хүрээд байгаагаас Б.Баярбаясгалан 9 дүгээр ДАН, Э.Ану-Үжин 6 дугаар ДАН-гийн болзол хангажээ.