Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын ДААТГАЛЫН мэргэжлийн чадамжийг Монголын санхүү, даатгалын салбарт нэвтрүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Олон улсын Даатгалын мэргэжлийн чадамжийг Монголын санхүү, даатгалын салбарт нэвтрүүлэх нь сэдэвт бизнес уулзалт боллоо. 

Арга хэмжээний үеэр Австрали, Шинэ Зеландын Санхүү Даатгалын Институтын олон улсын сургалтын хөтөлбөрийг Монголд оруулж ирэх, нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг (MOU signing between ANZIIF and IRA)-г Даатгал Эрсдлийн Академи (INSURANCE & RISK ACADEMY), ANZIIF байгууллагуудын хооронд, мөн Даатгал Эрсдлийн Академи (INSURANCE & RISK ACADEMY), СЭЗИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ үзэглэх албан ёсны арга хэмжээг зохион байгуулсан юм.

Ийнхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын санхүү даатгалын салбарт ажиллаж буй хүний нөөцийг чадваржуулах олон улсын сургалтын хөтөлбөрийг эхлүүлэх, улмаар олон улсын тавцанд ажиллах боловсон хүчнийг бэлтгэн чадавхжуулах эхлэлийг тавьж буйд энэхүү арга хэмжээний ач холбогдолтой байна. 

Уулзалтын үеэр Монголын даатгалын салбар ямар түвшинд явж байгаа талаар Монголын Даатгал Эрсдлийн Академийн гүйцэтгэх захирал Ч.Анхбаяраас тодрууллаа. 

- Одоогийн байдлаар манай улсын даатгалын салбар олон улстай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ? 

- Манай улсад нийт 18 даатгалын компани үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс хоёр нь  давхар даатгал, нэг нь амьдралын даатгалын компани бусад нь ердийн даатгалын компани байна. Харин даатгалын салбарын өсөлтийг сүүлийн хоёр жилээс харвал нийт өсөлт нь 30 хувьтай, сүүлийн таван жилээс харвал нийт 25 хувийн өсөлт үзүүлсэн. Ингэснээрээ ДНБ-ээс тав дахин өндөр өсөлттэй байгаа юм. 

- Өнөөдөр харилцан тохиролцох санамж бичиг гарын үсэг зурлаа. Энэ нь манай улсын даатгалын салбарт ямар боломжуудыг бий болгох вэ? 

-  Хөтөлбөрийн зорилго нь даатгалын салбар дахь одоогийн ажиллагсдыг мэргэжлийн хувьд чадавхжуулах, мэргэшүүлэх, тодорхой чиглэлээр дагнуулан илүү мэргэжлийн түвшинд хүргэхийг зорьж байгаа юм. Мөн олон улсад Монгол Улсын даатгалын салбарыг илүү мэргэжлийн түвшинд харах ба манай даатгалын салбарын рейтинг олон улсад өснө хэмээн бодож байна. 

- Даатгалын салбарт  тулгамдаж буй ямар асуудал байна вэ? 

- Өмнө хэлсэнчлэн салбарын хувьд өсөлттэй яваа хэдий ч ажиллагсдын тоо буурах хандлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын даатгалын салбарт хүний нөөцийн дутагдалд орох өнгө аяс ажиглагдаж байна. Үүнийг дагаад мэргэшсэн ажилтангууд багасаж байна гэсэн үг.

Нөгөө талдаа даатгалын салбар дахь хүний нөөцийн цикл ойрхон давтамжтай болсон. Өөрөөр хэлбэл, энэ салбарт орох гарах урсгал ихээр нэмэгдсэн. Тиймд хүний нөөцийн өсөлтийг хангаж, орох гарахыг зохицуулж чадахын тулд зайлшгүй мэргэшсэн мэргэжилтэнгүүд, олон улсын сертификат чухал юм.