Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ахмет Язал: Монгол, Туркийн хооронд том онгоцоор шууд нислэг үйлдвэл тийзний үнэ 25%-аар буурах боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол, Турк хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 41 сая ам.доллар байжээ. Энэ нь өмнөх оноосоо 30 хувиар өссөн үзүүлэлт.

Тэгвэл 2018 оны эхний 11 сард манай улс 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.9 тэрбум америк долларт хүрсэн байдаг. Энэ тоог эш болговол Турк улстай хийсэн худалдааны эргэлт нь сүүл мушгих үзүүлэлт болж байгааг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт  элчин сайд М.Ахмет Язал өчигдөр болсон хэвлэлийн уулзалтын үеэр хэлж байв. Тэрбээр хоёр жил гаруйн хугацаанд элчин сайдаар ажиллаж буй бөгөөд ажлаа авсан цагаасаа хойш хоёр улсын худалдааны салбарыг хөгжүүлэхээр хичээж байгаагаа энэ үеэр онцоллоо.

 

“Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гол гарц нь шууд нислэг”

Турк Улсад монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа мах, ноолууран эдлэлийн өргөн зах зээл бий. Гэвч газар зүйн байршлын хувьд хол тул газраар ачаа тээвэрлэхэд багадаа 15 хоног, усан замаар бол хоёр сарыг зарцуулах хэрэгтэй болдог. Тиймээс  хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах, бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц нь шууд нислэг хэмээн ноён М.Ахмет Язал дурдсан.

Монгол ба Турк хооронд улсын хооронд хийгдсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 500 суудалтайгаар 2012 оны долоодугаар сарын 2-ноос эхлэн нислэг үйлдэж эхэлсэн байдаг. Ийнхүү жижиг онгоцоор нислэг үйлдэж буй учир жилд ердөө 100 тонн ачаа тээвэрлэдэг байна. Харин том онгоцоор өдөр бүр шууд нислэг үйлдэх болбол жилд 7,300 тонн ачааг хоёр улсын хооронд тээвэрлэх боломжтой болох аж. 

Тиймээс хоёр улсын худалдааны эргэлтийг тэлэх, аялал жуулчлалын нэмэгдүүлэх зорилгоор том онгоцоор шууд нислэг үйлдэх тухай саналыг удаа дараа гаргасан ч дорвитой хариу авч чадаагүй байна.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин М.Ахмет Язалаас том онгоцоор шууд нислэг хийснээр гарах үр дүнгийн талаар тодруулахад “Шууд нислэгийг том онгоцоор хийснээр тийзний үнэ дунджаар 25 хувь буурна, нислэгийн одоогийн хугацаа гурван цаг 30 минутаар богиносох зэрэг үр нөлөөтэй. Мөн том онгоцоор ниссэнээр зорчигчид илүү тав тухтай аялах болно. Үүний зэрэгцээ Монгол Улсад орж ирж орлого тодорхой хэмжээнд нэмэгдэх боломжтой” гэв. 

 
М.Ахмет Язал: Turkish airlines Монголд шууд нислэг үйлдсэнээр Монголын талд ямар ч хохирол гарахгүй

Хоёр улсын агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу нислэгийн давтамж, суудлын тоог нэмэгдүүлэх тохиолдолд үндэсний агаарын тээврийн компаниуд эхлэн зөвшилцөлд хүрэх ёстой. Тиймээс Туркийн талаас МИАТ-д удаа дараа санал тавьж буй ч үр дүнд хүрээгүй байна. "Turkish Airlines нислэг үйлдэж эхэлснээр МИАТ-ийн зорчигчдын тоо буурсан, хэрэв том онгоцоор нисбэл МИАТ дампуурах эрсдэлтэй гэх мэтээр нийгэмд ташаа мэдээлэл их байна.

Гэхдээ энд нэг зүйлийг тодорхой хэлэхэд Туркийн агаарын тээврийн компани Монголд ниссэнээр зорчигчдыг булаасан болон бусад авиа компанид сөргөөр нөлөөлсөн зүйл огт байхгүй. Бид долоо хоногт оногдсон 500 суудлаараа нислэг үйлдсэнээр Монголд ирэх, буцах зорчигчийн тоог л нэмсэн” хэмээн албаны хүн хэллээ.

График 1, Европоос ирсэн нийт зорчигдын тоо

Мөн шууд нислэг үйлдсэнээр МИАТ-ийн үйл ажиллагаа доголдох ямар нэг хохирол амсахгүй гэдгийг ноён М.Ахмед Язал онцолсон. Хэрэв сөрөг нөлөө гарбал түүнийг арилгахын төлөө хамтран ажиллахад бэлэн хэмээлээ. Түүнчлэн Turkish Airlines-ийн талаас зорчигчоо хуваалцах, шууд нислэг үйлдэх эрхийг МИАТ-д өгч Turkish Airlines зөвхөн карго хийх хувилбар ч санал болгожээ. Гэвч МИАТ-с ямар нэг хариу ирээгүй тул хэрхэхээ мэдэхгүй байна гэж байлаа. Энэ бол хоёр компанийн асуудал биш бөгөөд Монгол, Турк улсын агаарын тээвэрт үүссэн гацалт хэмээн тодорхойллоо.

График 2, Европ руу явсан нийт зорчигчийн тоо