Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Wolf of Wall Street” киноны хууль бус орлогыг АНУ-аас Малайзад шилжүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Малайзийн засгийн газар тус улсын хөгжлийн сан 1MDB-ээс өмнөх засгийн үед алдагдсан $4.5 тэрбумын хөрөнгийг эрэн сурвалжилж, зарим хэсгийг нь олж аваад байгаа билээ.

Өнөөдөр тус улсын эрх баригчид сангийн алдагдсан хөрөнгийн нэг хэсэг болох $57 саяыг АНУ-аас шилжүүлж авсныг зарлажээ.

Энэ мөнгө нь Холливүүдийн “Wolf of Wall Street” киноны орлого юм. Уг киног бүтээсэн Red Granite Pictures студийг Малайзийн өмнөх ерөнхий сайд Нажиб Разакын дагавар хүү Риза Азиз үүсгэн байгуулцахдаа 1MDB сангийн хөрөнгөнөөс ашигласан юм байна.

Одоо АНУ-ын хууль зүйн яам дахин $139 саяыг Малайзад буцааж өгөхөөр бэлдэж байгаа юм. Энэ нь 1MDB сангийн гол санхүүч байсан Жо Лоугийн Манхэттэн дахь үл хөрөнгөтэй холбоотой ажээ. Үл хөдлөх хөрөнгийг борлуулсны дараа орлогыг нь Малайзад шилжүүлэхээр хүлээгдэж байгаа гэнэ.

2018 оны тавдугаар сард эрх баригч нам ялагдсаны дараа 1MDB сангийн алдагдсан хөрөнгөний дуулиан дэгдэж эхэлснээс хойш нийт $322 саяыг нь буцаан олж аваад байгааг Малайзийн Ерөнхий Прокурорын газар өнөөдөр мэдээлжээ.

Мөн $37 саяын алдагдсан хөрөнгийг Малайз руу шилжүүлэх шийдвэрийг Сингапурын шүүх гаргаад байгааг мэдээлсэн байна.

“Алдагдсан хөрөнгийг буцааж олох ажил АНУ, Сингапурын эрх баригчдын дэмжлэггүйгээр бүтэх боломжгүй. Тиймээс бид эдгээр улсуудын засгийн газарт талархал илэрхийлж байна. 1MDB сангийн хөрөнгийг олж авах ажиллагаа дэлхий даяар өрнөж байна. Малайзийн засгийн газар ойрын үед илүү их хэмжээний хөрөнгийг олж авч чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Малайзийн Ерөнхий Прокурорын газар мэдэгдэлдээ дурджээ.

 

Эх сурвалж: Reuters