Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гэрэл: Арабууд зөвхөн шонхороо бариад явахгүй аргаль, цагаан зээр агнаад байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖЯ-ны удирдлагууд нууц тогтоолоор шонхор хил давуулсан гэх асуудлаар Монголын мэргэжлийн анчдын холбооноос мэдээлэл хийлээ.

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл "Яамнаас зөвшөөрөл аваад шонхор барихаар явж буй арабууд зөвхөн шонхороо бариад явахгүй байна. Хажуугаар нь аргаль, цагаан зээр гээд бусад ан амьтдыг агнаад байна. Энэ талаар баримт мэдээллийг тагнуулын байгууллагад өгөхөд "Шалгаж байна аа" л гэдэг. Эргээд ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл огт байдаггүй.

Шонхор барих зөвшөөрөл өгөөд байгаа жинхэнэ эзэд нь мэдэгдэхгүй байна. Шонхор барих тухай нууц тогтоолоор сүүлийн хоёр жилд Монголоос олон зуун шонхор хил давуулсан. Шонхор барих зөвшөөрлийн тоо, гаалийн мэдүүлэг дээрх тоотой зөрөөд байдаг. Барихаар ирж буй арабууд нийтийн онгоцоор ирдэггүй. Хоёр, гурван шонхор барих зорилготой гэдэг ч том том онгоцтой ирдэг. Тэр онгоцондоо хэдийг ачаад явж байгаа нь мэдэгддэггүй, надад баримт алга. Тиймээс та бүхэнд яг хэдэн шонхор гарсан талаар тоо хэмжээг мэдэхгүй байна" хэмээн ярилаа.

Нууц тогтоолтой холбоотой асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан ч зөвхөн цагдаагийн байгууллагаас энэ хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх хариу л ирсэн талаар хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэллээ.

Мөн шонхор барих тухай тогтоол нууцын зэрэглэлтэй, дугаар болон бусад мэдээлэл нь байхгүй учраас мэдээлэл хаалттай байгаад байна хэмээн учирлалаа.

Нөгөө талаас Засгийн газар 2013 оны нэгдүгээр сард тогтоол гаргаж, таван жилийн хугацаагаар хилээр эдлэг шонхор хилээр гаргах тогтоол гаргасан байсан ч үүнийгээ хүчингүй болгоогүй байх хугацаандаа нууц тогтоол гаргаж, эдлэг шонхороо хилээр гаргаж байгаа нь хууль бус. Үүний цаана том эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг сонирхол байх шиг байна хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид ярилаа.