Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

"МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллага бусармаг явдалтай эвлэрэхгүй"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын Эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийлэлгүй Монголын төлөө” сэдвийн дор хэвлэлийн хурал хийлээ. 

Тус холбооноос Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль яаралтай явуулж, тус тойргийн сонгогчдыг УИХ-д төлөөлөлтэй болгохыг шаардав. 

Уг шаардлагад “Өнгөрсөн оны есдүгээр сард болохоор товлогдсон нөхөн сонгуулийг МАН-ынхан хойшлуулж, сонгогчдын эрх ашгийг хохироосон. Мөн энэ оны зургаадугаар сард товлогдсон нөхөн сонгуулийг МАН-ынхан хойшлуулах, бүр сонгууль явуулахгүй байх арга хэмжээ авч байна. Тэр ч бүү хэл хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээх асуудал ч яригдаж эхэллээ. Эмэгтэй хүн хүчирхийлсэн Д.Гантулгыг МАН илт хамгаалж байна. 

Тиймээс МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллага энэхүү бусармаг явдалтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж байна” гэжээ. 

Энэ талаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал “Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд бодлого, хөрөнгө хангалттай бий. Зөвхөн улс төрийн хүсэл зориг, сэтгэл зүрх дутагдаж байна. Энэ хүчирхийлэл явсаар байгаад өнөөдөр улс төрийн хүчирхийлэл болж хувирлаа.

Эмэгтэй хүнийг хүчирхийлээд, өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрөөд, чөлөөлөгдсөн хүнийг өнөөдөр хамгаалаад явж байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх ямар ч хүсэл зориггүй гэдгээ харуулж байна. Тиймээс манай намын эмэгтэйчүүдийн холбоо охид, эмэгтэйчүүдээ хамгаалъя, хөвгүүдээ боловсруулъя гэж уриалж байна” гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрээд байна. 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын эзэмшдэг зочид буудалд үйлдэгдсэн. Тийм хэрэг гарчихаад байхад яагаад тэр зочид буудалд ажиллаж байсан хүмүүс хариуцлагаас мултрав. Яагаад УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хүчиндүүлсэн эмэгтэйн буруу болж хоцордог юм. 

Тиймээс гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үзэгдлийн бид хамтын хүчээр даван туулах хэрэгтэй байна" гэв.