Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жудаггүй бөхчүүдийг жудагтай болгоход сануулга багадна, Ц.Магалжав дарга аа

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний бөхийг монголчууд үзэх дуртай. Бөхчүүддээ ч хайртай, тэднийг хүндлэхийн дээдээр хүндэлж ирсэн. Цаашид ч хүндлээд явах нь ойлгомжтой. 

Гэвч үндэсний бөхөд байдаг цөөхөн хэдэн асуудал энэхүү спортын нэр хүндийг шавартай хутгах нь. Эхнийх нь бөхчүүдийн жудаг, ёс зүй. Хоёр дахь нь допинг. Гурав дахь нь найраа. Ийм гурван сэдвийн хүрээнд амтай болгон ярьж байна. Мэдээж энэ тухай яригсдын олонх нь сонирхогч. Тэр хэрээр алдаа дутагдал гаргасан бөхчүүдийг шүүмжлэх бус доромжилж байна.

Сүүлийн үед бөхчүүдийн ааш авир ч дийлдэхээ больж. Хамгийн сүүлийн жишээ уржигдар болсон арслан цолны хүндэтгэлийн барилдаан. Улсын харцага Б.Бат-Өлзий учраа бөхөө өшиглөхийг завдсан. Бөхийн өргөөнд, цэнхэр дэлгэцээр олон ч хүн харж эсэргүүцлээ илэрхийлсэн. Үнэндээ аймгийн арслан Б.Сумъяабат санаатайгаар татаагүй нь ойлгомжтой. Манай бөхчүүд унахдаа унаснаа хүлээн зөвшөөрч сураагүй учраас найдвартай унагаах гэж л дөрөв хөллөсөн байхад нь татаж өвдөглүүлсэн байх. Харин үүнд Б.Бат-Өлзий харцага эгдүүцэж, бөхийн дэвжээг зодооны ринг болгох шахлаа. Ууртай, омголон байж болно. Гэхдээ хаана, хэзээ гаргах вэ гэдэгт суралцмаар.

Түүнчлэн бямба гарагт болсон аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Өвөрхангайн Цэдэнсодном арслангийн үйлдлийг бас дурдъя. Хөлийн цэц бол бүх шийдвэрийг гаргах ёстой, гэхдээ үнэн зөвөөр. Харамсалтай нь, өнөөдөр хөлийн цэцийн шийдвэрийг үл хүндэтгэсэн байдал олонтаа гарах болж. Бүр доромжилж, занах нь энүүхэнд ажээ. Учраа бөхөө ширүүлэх нь ч дүүрч. Бөх бол тулааны нэг төрөл гэж зарим нь тайлбарладаг. Тэглээ гээд ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг болчихвол үндэсний бөхийн нэр хүнд өснө. Нэг бөх алдаа гаргалаа гэхэд манайхан нийтээр нь бөхчүүдээ муулж, шүүмжлэх болсон. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг үгний тод жишээ энэ.

Тэгвэл үүнээс салахын тулд Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд, ёс зүйн хороо нь сахилгын арга хэмжээгээ чангатгамаар. Тухайлбал, уржигдар болсон барилдаанд Б.Бат-Өлзий харцагын гаргасан үйлдэлд МҮБХ-ныхон арга хэмжээ авахдаа сануулга өгч, давааных нь урамшууллыг өгөөгүй аж. Өнөөдрийг хүртэл Б.Бат-Өлзий харцага ч бөхөд хайртай ард түмнээс уучлалт гуйсангүй. Ерөөсөө бөхийн зүлэг ногоон дэвжээг зодооны талбар мэтээр ойлгож, сэтгэн учраа бөхдөө хүндэтгэлгүй хандсан бөхчүүдийг тодорхой хугацаанд барилдаанд оролцуулахгүй байвал ямар вэ.

Жишээлбэл, улсын харцага Б.Бат-Өлзийг зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө давааны мөнгө хасахаас гадна 2-3 барилдаанд оролцох эрхийг нь хасах гэх мэтээр. Хэрвээ ийм зүй тогтолд шилжвэл бөхчүүдийн ёс зүй одоогийнхоос дээрдэх магадлалтай. Түүнээс биш сануулаад л, торгоод л өнгөрөөвөл хариуцлага тооцсон болохгүй биз. Яг үнэндээ улсын цолтой бөхчүүд давааны мөнгөөр дутахгүй. Тиймээс толгойдоо нэгийг бодох хэмжээний сахилгын шийтгэл оноодог болъё. Товчхондоо бол жудаггүй бөхчүүдийг гэгээрүүлэхэд сануулга багадна. Сануулгыг үл хайхардаг бөх манай үндэсний бөхөд нэг биш нэлээд хэд бий. Доогуур цолтондоо түрэмгий, эрэмгий ханддаг, санаатайгаар учраа бөхөө нудардаг гээд тоочвол олон алдаа дутагдал байдаг. Ийм алдааг залуу бөхчүүддээ үлгэр дуурайлал үзүүлэх ёстой үндэсний бөхийн өндөр цолтнууд ихэвчлэн гаргадаг нь харамсалтай. Мөн аймгийн арслангууд уваагүй үйлдэл гаргаж, учраа бөхөө элдэвлэх, дарамтлах тохиолдол цөөнгүй гарч байгааг орон нутгийн наадмын үеэр харж болно. Энэ удаа зөвхөн ёс зүйн асуудлыг хөндлөө. Допинг, найраа бол тусдаа асуудал.

 

Зураг