Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд шүүхийн ерөнхий шүүгч өнөөдөр тодорно

Б.Дамдин-Очир, Зууны мэдээ
2019 оны 5 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ес дэх жилдээ ажиллаж байсан Ц.Зоригийг энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар албан тушаалаас нь чөлөөлсөн.

Улмаар дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Дээд шүүхийн бүх шүүгчийн зөвлөгөөн болж ерөнхий шүүгчийн сонгуулийг явуулсан. Уг сонгуулиар Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг олонхын саналыг авч, түүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшигч Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилохоос татгалзжээ. Гэхдээ Д.Ганзоригийг ямар үндэслэлээр томилохоос татгалзсан нь тодорхойгүй байгаа юм. Албаны эх сурвалжийн тайлбараар бол Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т зааснаар Ерөнхийлөгч татгалзсан шалтгаанаа заавал тайлбарлах шаардлагагүй гэв.

Тиймээс Дээд шүүхийн бүх шүүгч дахин хуралдаж зөвлөгөөнөө хийхээр болжээ. Зөвлөгөөн өнөөдөр болно. Үүгээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин сонгоно гэсэн үг.

Уг сонгуульд 2-3 хүн өрсөлдөх мэдээлэл байна. Гэвч сонгуульд нэр дэвшигчдээс Д.Ганзоригтой өрсөлдөж байсан Х.Батсүрэнг олонхын саналыг авч магадгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Х.Батсүрэн тодрох магадлал өндөр болсон бололтой.

Зураг