Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Британий ханхүү Харри хүүтэй болсноо зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Британий ханхүү Харри, түүний гэргий Меган нар хүүтэй болсныг Букингэмийн ордноос зарлажээ.

Хүү Даваа гарагийн өглөөний 5:26 цагт 3.2 кг жинтэй мэндэлсэн байна. Хүүхэд төрснөөс есөн цагийн дараа нийтэд мэдээлсэн нь Харри, Меган нарын хүсэлт байсныг ордны захиргаа мэдээлжээ. Ханхүү Харри шинээр мэндэлсэн хүүхдийнхээ талаар Уиндсорын шилтгээний гадна товч мэдээлэл өгсөн юм. Тэрээр шинэ мэндэлсэн хүүхдээ хэвлэл мэдээллийнхэнд харуулдаг ордны уламжлалыг эвдэж, тун даруухан мэдэгдэл хийсэн байна. Мөн хүүхдээ хаана төрүүлснийг нууцалжээ. Лав язгууртнуудын төрдөг Лондон хотын Гэгээн Мэригийн эмнэлэгт төрөөгүй байна. Энэ эмнэлэгт Харри, түүний ах Уилльям, Уилльямийн гурван хүүхэд бүгд төрж байжээ. Ерөнхийдөө хосууд хатан хааны гэр бүлийн уламжлалт ёсыг олон талаар эвдэх төлөвтэй байгаа.

“Меган бид хоёр эрүүл саруул хүүтэй болсноо зарлахад тун их таатай байна. Эцэг хүн бүхэн хүүхдээ хараад баярладаг. Гэхдээ миний хувьд энэ жаахан амьтны төлөө амиа өгөхөөс буцахгүй мэт санагдаж байна. Би маш их баярлаж байна” хэмээн ханхүү мэдэгджээ.

Харригийн гэргий Меган нь АНУ-ын иргэн тул шинэ мэндэлсэн хүүхэд Америк, Британий давхар иргэншилтэй болж байна.

Одоо 34 настай Харри, 37 настай Меган нар өнгөрсөн оны тавдугаар сард хуримаа хийсэн юм. 

Харри, Меган нарын хүү нь Британий хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн долдугаарт бичигдэж байна. Мөн хатан хаан хоёрдугаар Элизабетын найм дахь гуч, ханхүү Чарльзийн дөрөв дэх ач болж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP