Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулж, Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлж, даргын зөвшөөрөл авах, тамга даруулах, гарын үсэг зуруулах гэх мэт бичиг цаасны ажлаа эрт амжуулах шаардлага иргэд, аж ахуй нэгжүүдийн өмнө байнга тулгамддаг тул тэдний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор уг захирамжийг баталж байгаа юм.
Мөн үүнээс гадна нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын зуны ээлжийн амралтыг зөв зүйтэй зохицуулж, амарсан нэгнийхээ оронд ажил үүргийг нь хэн нэгэн хариуцаж гүйцэтгэдэг, төрийн ажлыг цалгардуулахгүй байхаар нарийн тооцоолдог болохыг Хотын захирагч холбогдох удирдлагуудад анхааруулсан юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс